Дуулал 119:129-176
Дуулал 119:129-176 АБ2013
Таны гэрчлэлүүд гайхамшигтай учир Сэтгэл минь тэдгээрийг сахидаг. Таны үгсийн тунхаглал гэгээрүүлж, Гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг. Тушаалуудыг тань хүсэн тэмүүлж Амаа би байдгаар нь том ангайв. Нэрийг тань хайрлагсдад үйлддэг шигээ Над уруу эргэж, намайг нигүүлсээч. Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож, Ямар ч ёс бус нь намайг ноёрхохыг Бүү зөвшөөрөөч. Тушаалуудыг тань сахимаар байна. Хүний дарлалаас намайг золиоч. Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж, Зарлигуудаа надад заагаач! Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана. Аяа ЭЗЭН, Та шударга бөгөөд Таны шүүлтүүд чигч шударга Та зөв шударга ба үнэн итгэмж дотор Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ. Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас Хичээл зүтгэл минь намайг үгүй болгожээ. Таны үг маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм. Дорд болж, үзэн ядагдсан ч, Тушаалуудыг тань би мартаагүй. Зөв шударга тань мөнхийнх Таны хууль үнэн. Шаналал шахалт надад тохиолдсон ч, Тушаалууд тань баясал минь билээ. Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу. Намайг амьд байлгахын тулд Надад ухаарлыг хайрлаач. Зүрхнийхээ угаас би дуудан хашхирна. Аяа ЭЗЭН, надад хариулаач! Зарлигуудыг тань би сахин биелүүлнэ. Таныгаа би дуудан хашхирна, Намайгаа авраач. Тэгвэл Таны гэрчлэлүүдийг Би биелүүлэх болно. Үүр цайхаас өмнө босож, Тусламж гуйн хашхирдаг билээ, би. Үгсийг тань хүлээдэг билээ, би. Үгийг тань тунгаахын тулд Шөнийн манааны өмнө би нүдээ нээдэг. Хайр энэрлийнхээ ёсоор Дуу хоолойг минь сонсооч! Аяа ЭЗЭН, тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч! Булай явдлыг дагагчид ойртон ирж байна. Тэд Таны хуулиас хол билээ. Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд Таны хамаг тушаалууд ч үнэн билээ. Би эрт үеэс Таны гэрчлэлүүдээс Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ. Миний зовлон зүдүүрийг харж, намайг авраач! Хуулийг тань би мартдаггүй билээ. Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч! Үгийнхээ дагуу намайг сэргээгээч! Аврал буруутуудаас хол байдаг. Зарлигуудыг тань тэд эрж хайдаггүй. Аяа ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм. Тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч! Намайг хавчигсад ба өстнүүд олон боловч Гэрчлэлүүдээс тань би гаждаггүй. Ов мэхтнүүдийг хараад, Би жигшдэг билээ. Үгийг тань тэд сахин биелүүлдэггүй. Таны тушаалуудыг Хэрхэн хайрлаж буйг минь хараач. Аяа ЭЗЭН, хайр энэрлийнхээ ёсоор Намайг сэргээгээч! Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм. Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг, Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг. Их олз олсон хүн шиг Би Таны үгэнд баясдаг. Би худал хуурмагийг үзэн ядаж жигшдэг, Харин хуулийг тань би хайрладаг. Таны зөв шударга тогтоолуудын улмаас Би өдөрт долоон удаа Таныг магтдаг. Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй. Аяа ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд Таны тушаалуудыг биелүүлдэг. Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөд Тэдэнд би хэмжээлшгүй их хайртай. Тушаалууд ба гэрчлэлүүдийг тань би сахидаг нь Бүх явдал минь Таны өмнө ил байдагт юм. Аяа ЭЗЭН, миний дуудан хашхирах дуу Таны өмнө хүрэг Үгийнхээ дагуу надад ухаарлыг хайрлаач! Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч! Үгийнхээ дагуу намайг авраач! Та надад зарлигуудаа заадаг учраас Уруул минь магтаалыг гаргаг. Таны бүх тушаал зөв шударга учраас Хэл минь Таны үгийн талаар дуулаг. Тушаалуудыг тань би сонгосон учир Мутар тань надад туслахад бэлэн болог. Аяа ЭЗЭН, авралыг тань би хүсэн тэмүүлнэм. Хууль тань миний баясал билээ. Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач! Таны тогтоолууд надад туслаг. Алдагдсан хонь мэт төөрөв, би. Зарц юугаа хайн олооч. Тэгэх аваас тушаалуудыг тань Үл мартнам билээ, би.