Дуулал 18

18
Ялалтын талархал
Удирдаачид. ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудаас нь мөн Саулын гараас аварсан тэр өдөр энэ дууны үгээр ЭЗЭНд хандсан, ЭЗЭНий зарц Давидын дуулал.
1Хүч минь болдог ЭЗЭН,
Тандаа би хайртай.
2ЭЗЭН бол миний хад,
Миний цайз,
Миний аврагч,
Миний Бурхан,
Миний хоргодох хад,
Миний бамбай,
Миний авралын эвэр,
Миний бэхлэлт юм.
3Магтуулах учиртай
ЭЗЭНийг би дуудаад,
Дайснуудаасаа би аврагдсан.
4Үхлийн хүлээс намайг хэрж,
Мөхлийн урсгал намайг дайрч
5Үхэгсдийн орны уяа намайг хэрж
Үхлийн урхинууд миний өмнө тулгарахад
6Зовлон шаналан дотроо
ЭЗЭНийг би дуудаж,
Бурхандаа би хашхирсан.
Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож,
Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ.
7Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв.
Уулсын суурь ч доргив.
8Хамраас нь утаа суунаглаж,
Амнаас нь цөлмөгч гал гарч,
Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв.
9Тэнгэрсийг бөхийлгөж
Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр
Тэр бууж ирэв.
10Херуб хөлөглөн нисэв.
Салхин жигүүр дээгүүр элин халив.
11Усан хар үүлсийг
Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов.
12Түүний өмнөх гялбаанаас,
Мөндрийн үүлс цахилж, галтай нүүрс асан шатав.
13ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж,
Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв.#18:13 ЭНО-д сонсдов (мөн 2См 22:14 үз.)
Мөндөр болон галтай нүүрс буусан юм.
14Тэрээр сум тавьж тэднийг бутрааж,
Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ.
15Тэгээд ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд
Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор
Далайн ёроол үзэгдэж,
Ертөнцийн сууриуд ил гарчээ.
16Тэр дээрээс сунган, намайг авч,
Их уснаас татан гаргав
17Тэр намайг хүчит дайснаас минь,
Намайг үзэн ядагчдаас аврав.
Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв.
18Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан.
Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа.
19Тэр намайг таалсан учир
Намайг уудам газарт авчран аварсан билээ.
20Зөв шударга явдлын минь дагуу
Намайг ЭЗЭН шагнаж
Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав.
21Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан.
Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй.
22Бүх тогтоол нь миний өмнө байсан.
Би зарлигуудыг нь өөрөөсөө холдуулаагүй.
23Би Түүний өмнө гэм зэмгүй байж
нүглээс өөрийгөө хол байлгав.
24Түүний мэлмийн өмнө гар минь
Зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул
ЭЗЭН надад хариулсан юм.
25Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та
Гэм зэмгүйд гэмгүй л ханддаг.
26Цэвэр ариунд Та цэврээ,
Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг.
27Дорой ядууг Та авардаг,
Ихэмсэг харцыг Та номхтгодог.
28Дэнлүүг минь Та асаадаг билээ.
Миний Бурхан ЭЗЭН
Миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ.
29Танаар би их цэргийг дайрч
Бурхандаа түшиглээд би
хэрмийг давж чаддаг.
30Бурханы зам төгс төгөлдөр,
ЭЗЭНий амлалт шалгагдсан.
Түүнд хоргоддог бүхэнд
Тэрээр бамбай болдог.
31ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?
Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
32Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан
Замыг минь төгс болгодог.
33Тэр хөлийг минь гөрөөснийх мэт болгон,
Намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг.#Хаб 3:19
34Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг.
Ингэснээр гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.
35Та авралынхаа бамбайг
надад өгсөн билээ.
Таны баруун мутар
намайг түшдэг
Таны тусламж намайг агуу болгосон билээ.
36Та алхааг минь өргөсгөдөг,
Тиймээс хөл минь халтирсангүй.
37Би дайснаа хөөж гүйцээд
Тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй.
38Тэднийг би цохив.
Тиймээс тэд босож чадахгүй болсон
Тэд миний хөл доор унасан билээ.
39Тулалдахад минь Та намайг хүч чадлаар хувцаслаж,
Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав.
40Та дайснуудын минь нурууг надад харуулав.
Намайг үзэн ядагчдыг би устгав.
41Тэд тусламж эрэн хашхирсан боловч аврах хэн ч байсангүй,
Тэд ЭЗЭНд хашхирсан боловч,
Тэр хариу өгсөнгүй.
42Тэгээд би тэднийг салхин дахь тоос шороо мэт бутаргав.
Би тэднийг гудамжны шавар шалбааг шиг цацав.
43Та намайг ард олны минь маргаанаас аварч,
Намайг үндэстнүүдийн тэргүүн болгов.
Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.
44Гаднынхан над дээр хулмалзсаар ирж,
Намайг сонсмогцоо тэд үг дуугүй дагадаг.
45Гаднынхан зүрх алдсаар
Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.
46ЭЗЭН амьд!#18:46 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг.
Ерөөгдөх болтугай, миний хад!
Авралын минь Бурхан өргөмжлөгдөх болтугай!
47Миний төлөө өшөө авдаг Бурхан,
Хүмүүсийг миний дор захируулдаг.
48Тэр намайг дайснуудаас минь авардаг
Эсэргүүцэгчдийн минь дээгүүр
Намайг Та үнэхээр өргөдөг юм
Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ.
49Тиймээс ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж,
Таны нэрийг би магтан дуулна.#Ром 15:9
50Тэрээр хаандаа агуу ялалтыг өгч,
Өөрийнхөө тосолсон нэгэн болох
Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг болой.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 18: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү