Дуулал 44

44
Үндэсний гашуудал ба тусламж эрсэн залбирал
Удирдаачид. Корагийн хөвгүүдийн маскил.
1Эцэг өвгөдийн маань өдрүүдэд,
Эртний өдрүүдэд, өө Бурхан,
Таны үйлдсэн ажлыг
Бид чихээрээ сонссон.
Тэд бидэнд ярьсан.
2Та улс үндэстнүүдийг мутраараа зайлуулж
Тэднийг маань суурьшуулсан юм.
Та харь овгуудыг гамшгаар тараасан.
3Учир нь тэд илдээрээ
Газар нутгийг эзлээгүй.
Гар нь бус харин
Таны баруун мутар,
Таны хуруу ба оршихуйн гэрэл тань
Тэднийг аварсан билээ.
4Миний Хаан Бурхан Та
Иаковт ялалтыг тушаагаач
5Танаар бид өстнүүдээ шахна.
Бидний эсрэг босогчдыг
Таны нэрээр бид гишгэчнэ.
6Би нумандаа найдахгүй,
Илд минь ч намайг аврахгүй.
7Та л биднийг өстнүүдээс минь аварч,
Үзэн ядагчдыг минь ичгүүрт унагасан.
8Бид өдөржин Бурханаар бахархаж,
Таны нэрд мөнхөд талархана. Села
9Гэтэл одоо биднийг
Та орхиж, ичгүүр болгож,
Цэргүүдтэй маань хамт эс давшив.
10Та, биднийг өстнүүдээс зугтаалгасан.
Биднийг үзэн ядагчид олз авчээ.
11Та биднийг идэшний хонь адил өгч,
Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан.
12Ард түмнээ Та
Ашиггүйгээр худалдаж,#44:12 эсвэл шалихгүй юмаар худалдсан.
Үнийг нь үл нэмэгдүүлэв.
13Та биднийг хөршүүдэд маань ичгүүр,
Эргэн тойрныхонд маань
Элэглэл, тохуурхал болгосон.
14Та биднийг улс үндэстнүүдийн дунд ёгт үг,
Харь овгуудын дунд толгой сэгсрэлт болгосон.
15Өдөржин гутамшиг минь
Өмнө минь байв,
Нүүрийг минь ичгүүр хучсан нь
16Намайг доромжлогч ба гүтгэгчийн дуунаас,
Дайсан хийгээд өшөө авагчийн байгаагаас болой.
17Энэ бүхэн бидэнд ирсэн ч
Бид Таныг мартаагүй,
Таны гэрээнд ч хуурамчаар хандаагүй
18Бидний зүрх эргэж буцаагүй,
Алхмууд маань ч
Замаас тань хазайгаагүй.
19Гэсэн ч биднийг цөөвөр чонын газарт
Та няц дарж,
Үхлийн харанхуйгаар биднийг хучсан.
20Хэрэв бид Бурханыхаа нэрийг мартсан
Эсвэл гараа харийн бурханд сунгасан бол
21Бурхан үүнийг илрүүлэхгүй байсан гэж үү?
Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.
22Харин Таны төлөө бид
Бүхэл өдөржингөө хядуулжээ.
Нядалгааны хонь мэтээр
Бид тооцогджээ.#Ром 8:36
23Босооч Эзэн, юунд Та унтана вэ?
Сэрээч, мөнхөд бүү орхиоч.
24Юунд Та нүүрээ нууж,
Зовлон зүдүүр, дарлагдлыг маань мартана вэ?
25Сэтгэл маань шороон доор ортол
Дорд болжээ.
Гэдэс хэвлий маань газарт наалджээ.
26Босооч, туслаач,
Энэрэл хайрынхаа учир
Биднийг авраач.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 44: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү