Дуулал 9

9
Бурханы хүч ба шударга нь
Удирдаачид. Давидын дуулал, Мут-лаббен дээр.
1Бүхий л зүрхээрээ би
ЭЗЭНд талархах болно.
Бүх гайхамшгийг тань
Би тунхаглана.
2Би баярлаж, Танд баясна.
Хамгийн Дээд Нэгэн,
Таны нэрд магтаалыг би дуулна.
3Дайснууд минь ухрахдаа
Таны өмнө бүдрэн унаж, сөнөмүй.
4Учир нь Та шударга заргыг минь дэмжсэн билээ.
Та зөв шударгаар шүүн
сэнтийдээ заларсан билээ.
5Та үндэстнүүдийг зэмлэж,
Та гэм буруутнуудыг устгасан.
Та тэдний нэрийг
үүрд мөнхөд үгүй болгосон.
6Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд
Та тэдний хотуудыг нураасан агаад
Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.
7Харин ЭЗЭН мөнхөд захиран сууж байдаг.
Тэрээр шүүхийн төлөө сэнтийгээ зэхсэн бөгөөд
8Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно.
Тэрээр ард түмнүүдийг чигч шударгаар шүүнэ.
9ЭЗЭН бол дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт,
Бэрх цагийн бэхлэлт болно.
10Нэрийг тань мэдэгсэд
Танд найдна.
ЭЗЭН, Өөрийг тань эрэн хайгчдыг,
Та орхиогүй билээ.
11Сионд оршигч ЭЗЭНд
Магтаалыг дуулагтун.
Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.
12Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр
тэднийг санадаг.
Зовогсдын хашхирахыг Тэрээр үл мартдаг.
13ЭЗЭН, намайг өршөөгөөч.
Үзэн ядагчдаас болсон
Зовлон зүдүүрийг минь хараач.
Үхлийн үүд хаалганаас
Намайг босгодог нь Та билээ.
14Тэгвэл би Таны
бүх магтаалыг зарлах бөгөөд
Сион охины үүд хаалган дээр
Таны авралд би баясна.
15Үндэстнүүд өөрсдийнхөө
ухсан нүхэнд унасан билээ.
Өөрсдийнх нь нуусан торонд
тэдний хөл орсон билээ.
16ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ.
Гэм буруутан гарынхаа үйлээр урхидуулжээ. Хиггаион. Села
17Бурханыг мартдаг бүх үндэстэн,
Гэм буруутнууд Үхэгсдийн орон уруу буцна.
18Гачигдагсад үүрд мартагдахгүй,
Зовогсдын найдлага ч мөнхөд тасрахгүй.
19ЭЗЭН, босооч,
Хүмүүн бүү дийлэг,
Үндэстнүүд өмнө тань шүүгдэг.
20ЭЗЭН, тэднийг эмээлгээч.
Хүн л юм гэдгийг нь
Үндэстнүүдэд мэдүүлээч. Села

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү