Илчлэл 8

8
Долоо дахь лац ба алтан бойпор
1Түүнийг долоо дахь лацыг эвдэхэд бараг хагас цаг тэнгэрт чив чимээгүй болов. 2Бурханы өмнө зогсох долоон тэнгэрэлчийг би харав. Тэдэнд долоон бүрээ өгсөн байлаа.
3Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрэлч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэрэлч түүнийг сэнтийн өмнө байх тахилын алтан ширээн дээр бүх ариун хүмүүсийн залбиралтай хамт өргөх ажээ.#Амо 9:1; Гэт 30:1,3 4Утлагын утаа нь ариун хүмүүсийн залбирлын хамт тэнгэрэлчийн гараас гарч Бурханы өмнө суунаглав. 5Тэгээд тэнгэрэлч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт болов.#Лев 16:12; Езк 10:2; Гэт 19:16; Илч 11:19, 16:18
Долоон бүрээ
6Долоон бүрээтэй долоон тэнгэрэлч бүрээгээ татахад бэлтгэв.
7Эхнийх нь бүрээдэхэд цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатан, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.#Гэт 9:23–25; Езк 38:22
8Хоёр дахь тэнгэрэлч бүрээдэхэд галаар шатаж буй асар том уул мэт юм тэнгист хаягдав. Тэнгисийн гуравны нэг нь цус болж, 9тэнгис доторх амьд амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцнуудын гуравны нэг нь сөнөлөө.
10Гурав дахь тэнгэрэлч бүрээдэхэд бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унав.#Иса 14:12 11Тэр одны нэрийг “Шарилж” гэдэг бөгөөд усны гуравны нэг нь шарилж болов. Ус гашуун болсон тул олон хүн үхэцгээлээ.#Иер 9:15
12Дөрөв дэх тэнгэрэлч бүрээдэхэд нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлан өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болжээ.#Иса 13:10; Езк 32:7; Иое 2:10,31, 3:15
13Тэгээд би тэнгэрт нисэж буй нэгэн бүргэдийг харав. Тэр “Бүрээдэх гурван тэнгэрэлчийн бүрээн дуу үлдсэн тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!” гэж чанга дуугаар хэлэхийг би сонслоо.

Одоогоор Сонгогдсон:

Илчлэл 8: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү