Ром 6
6
Христтэй үхэх ба амилахуй
1Тэгвэл бид юу гэх вэ? Нигүүлсэл ихэсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу? 2Огт үгүй! Нүгэлд үхсэн бид цаашид түүн дотроо яахин амьдрах билээ? 3Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 4Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм. #Кол 2:12
5Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалтай нь ч адил байдалд холбогдох болно. 6Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг. 7Учир нь үхсэн нь нүглээс чөлөөлөгдсөн. 8Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг. 9Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй. 10Учир нь Түүний үхсэн үхлийн хувьд, Тэр нэг удаа нүгэлд үхсэн бөгөөд харин Түүний амьдардаг амьдралын хувьд, Тэр Бурханд амьдардаг. 11Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаагаа тооц.
12Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх гэдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог. 13Биеийнхээ эрхтнүүдийг зүй бусын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө. 14Учир нь та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй.
Зөвт байдлын боолууд
15Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин нигүүлслийн дор байгаа учраас нүгэл үйлдэх үү? Огт үгүй! 16Та нар өөрсдийгөө дуулгавартай боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүгэл ч бай эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавар ч бай, дагах нэгнийхээ боол нь болдогоо мэдэхгүй гэж үү? 17Харин талархал нь Бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, 18нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон. 19Та нарын махан бод сул дорой тул би хүний ёсоор хэлье. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус, ёс бусын боол болгон өргөсөнчлөн одоо өөрсдийн эрхтнүүдээ ариусалд хүргэх зөвт байдлын боол болгож өргө.
20Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвт байдлаас ангид байжээ. 21Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн төгсгөл бол үхэл билээ. 22Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь билээ. 23Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.
Одоогоор Сонгогдсон:
Ром 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.