Соломоны дуун 2

2
1Би Шароны нэгэн сарнай
Бэл хөндийн сараана л юм даа.
2Махирсын дунд сараана цэцэг ямар билээ.
Миний хайрт, эмс охидын дунд тийм ажээ.
3Ой модон дунд
алимын мод хэр билээ.
Олон хөвгүүн дунд
амраг чи минь тэр билээ
Сүүдэр дор нь би
суумаар таатай
Жимс нь тагнайд минь жигтэйхэн амттай.
4Дарст цэнгэлийн өргөөнөө
дагуулав тэр, намайгаа
Дарцаг болсон хайраараа
даруулав бас, намайгаа
5Үзмээр намайг сэрээгээч,
Алимаар намайгаа сэргээгээч.
Үгүй бол би дурлалдаа
амь тавьж мэдэх нь
6Зүүн гараа тэр
толгой дор минь ивээд л
Зөв гар нь намайг
тэврэнхэн илбээд л.
7—Иерусалимын охид оо,
Талын гөрөөс,
марал бугаар андгайлъя.
Таашаал дурыг бэлэн болтол нь
битгий өдөөж сэрээ.
Хаврын уран аялгуу
8Хайртын минь чимээ!
Хараач, тэр
уулсын дээгүүр дэгдэж,
Толгод тойрон
сүлжсээр ирмүй.
9Хайрт минь яг л
Хангал буга,
гөрөөс мэт амуй
Хараач, хананы маань цаана
тэр зогсоод,
Цонхоор минь ширтэж
Сараалжаар нь
шагалзан баймуй.
10Хайрт минь надад
хандаж өгүүлрүүн:
—Сэрж босооч,
хайр минь
Цэвэрхэн ганц минь
гарч ирээч.
11Өвөл нэгтээ өнгөрчээ,
Бороо ч болиод татарчээ.
12Дэлхийд цэцэгс дэлгэрээд
Жиргээн дуулиан жигдрээд
Хүүрзгэнийн дуу нутагт маань дуулдаад
13Инжир мод жимслээд,
Усан үзэм цэцэглээд
Сэнгэнэм үнэр
анхилж байна
Сэрж босооч, хайр минь.
14Ангал цохионы үе
нөмөрдөн суугаа
ай миний тагтаахан
Үзэмж зүс чинь жавхаалаг,
өөрийн чинь дуу цовоолог тул
Өнгө эгшгээ сонсгоод
өөрийгөө нэг үзүүлээч.
15Цэцэглэж байгаа
усан үзмийн минь
Цэцэрлэгийг сүйтгэх үнэгнүүдийг,
Өчүүхэн тэр үнэгдийг
өөрсдөд минь бариад өгөөч.
16Хайрт минь минийх
харин би түүнийх
Сараануудын дунд
сүргээ тэр бэлчээнэм.
17Өдрийн амьсгааг сэргэтэл
Үнэгэн харанхуйг үргэтэл
Жалгат уулс дээрээ
миний хайрт
Залуу буга,
гөрөөс адил эргээрэй.

Одоогоор Сонгогдсон:

Соломоны дуун 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү