1 КОРИНТ 7

7
1Та нарын бичсэн асуудлын тухайд гэвэл гэрлэхгүй байх нь эр хүнд сайн юм. 2Харин садар самуун байдалд орохгүйн тулд эр хүн бүр эхнэртэй, эмэгтэй хүн бүр нөхөртэй байг. 3Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлэг. 4Эхнэр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин нөхөр нь захирна. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин эхнэр нь захирна. 5Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад, дахин хамтдаа байгаарай. Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж тэвчихгүй байдлаар чинь сорьж магадгүй юм. 6Харин үүнийг би тушаалаар бус зөвлөмж болгон хэллээ. 7Бүх хүмүүс над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг аж.
8Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүст хандаж, хэрэв тэд над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг. 9Гэвч хэрэв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь шатаж байснаас гэрлэх нь илүү дээр. 10Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрлэсэн хүмүүст хандан би биш, харин Эзэн тушаадаг. 11(Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг, эсвэл нөхөртэйгөө эвлэрэг.) Нөхөр нь эхнэрээ хөөж болохгүй. 12Харин бусдад нь хандаж, хэрэв ах дүү нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад, тэр эмэгтэй өөртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү орхи гэж Эзэн биш, би хэлдэг. 13Хэрэв эмэгтэй нь итгэгч биш нөхөртэй байгаад, нөхөр нь өөртэй нь амьдрахыг хүсвэл нөхрөө бүү орхиг. 14Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж. 15Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар тайван уруу дуудсан юм. 16Эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ? Нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ?
17Зөвхөн Бурхан хүн бүрийг дуудсанчлан, Эзэн хүн бүрд хувааж өгснөөр нь тэр хүн яваг. Би бүх чуулганд ийнхүү тушаадаг. 18Хөвч хөндөх ёслол хийлгэсний дараа хэн нэг нь дуудагдсан уу? Тэр хүн хөвч хөндөлтөө бүү үгүй болгог. Хөвч хөндөх ёслол хийлгээгүй хүмүүсээс хэн нэг нь дуудагдсан уу? Тэр хүн бүү хөвч хөндүүл. 19Хөвч хөндөх нь юу ч биш, хөвч хөндүүлээгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм. 20Хүн бүр дуудагдсан дуудлагынхаа дотор үлдэг. 21Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа бүү зов. Хэрэв чи чөлөөтэй болох боломжтой бол түүнийгээ ашигла. 22Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан хүн Эзэний чөлөөлсөн хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан хүн Христийн боол мөн. 23Та нарыг үнээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү бологтун. 24Ах дүү нар аа, хэн юун дотор дуудагдсан байна, түүн дотроо хүн бүр Бурхантай хамт үлд.
25Онгон бүсгүйчүүдийн тухайд гэвэл Эзэний тушаал надад байхгүй. Харин Эзэний өршөөлөөр итгэмжит болсон хүний хувьд саналаа хэлье. 26Тэгэхлээр миний бодоход, өнөөгийн зовлон зүдгүүрийн учир байсан хэвээрээ байх нь эр хүнд сайн аж. 27Чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж бүү оролд. Чи эхнэрээс салсан уу? Эхнэр бүү хай. 28Гэхдээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Хэрэв онгон бүсгүй гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Гэвч иймэрхүү хүмүүс нь махан биедээ зовлонтой болно. Би та нарыг гамнахыг чармайж байна. 29Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа эхнэртэй хүмүүс нь эхнэргүй мэт, 30уйлж байгаа хүмүүс нь уйлаагүй мэт, баярлаж байгаа хүмүүс нь баярлаагүй мэт, худалдан авч байгаа хүмүүс нь өмч хөрөнгөгүй мэт, 31энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна. 32Гэвч та нар санаа зовох юмнаас чөлөөтэй байхыг би хүсдэг. Гэрлээгүй хүн Эзэнд яаж таалагдах вэ хэмээн Эзэний юмсад санаа тавьдаг. 33Харин гэрлэсэн хүн эхнэртээ яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг бөгөөд 34тэр хүн хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй онгон эмэгтэй нь биеэрээ болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг юм. 35Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд бөгөөд зохистой байдал болон эргэлт буцалтгүйгээр Эзэнд үнэнч байх байдлын чинь төлөө үүнийг хэлж байгаа юм.
36Хэрэв ямар нэгэн хүн өөрийн онгон бүсгүйд ёс журамгүй зан гаргаж байна гэж бодож байгаа бол, хэрэв тэр эмэгтэй насанд хүрсэн бөгөөд тийм байх ёстой юм бол тэр хүн хүслээрээ болог. Тэр нүгэл үйлдээгүй. Тэд гэрлэг. 37Харин хэн өөрийн сэтгэл зүрхэндээ бат зогсож, энэ нь шаардлагагүй гээд өөрийн хүслээ захирсан бөгөөд нөхөрт гараагүй өөрийн онгон бүсгүйг зүрхэндээ байлгахаар шийдсэн бол энэ нь тэр хүний хувьд сайн хэрэг. 38Тиймээс тэр хүн өөрийн онгон бүсгүйг гэрлүүлбэл сайн биз, гэрлүүлэхгүй бол илүү сайн биз ээ.
39Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбоотой байдаг. Хэрэв нөхөр нь үхвэл тэр эмэгтэй хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Харин зөвхөн Эзэн дотор юм. 40Харин миний бодлоор бол хэрэв тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү ч жаргалтай байна. Надад ч бас Бурханы Сүнс байгаа гэж би боддог.

Одоогоор Сонгогдсон:

1 КОРИНТ 7: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

1 КОРИНТ 7 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна