ХААДЫН ДЭЭД 11
11
1Соломон хаан Фараоны охиноос гадна Моабын, Аммоны, Едомын, Сидоны, Хитийн гэх мэт харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байлаа. 2Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан “Та нар тэдэнтэй, мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно” гэж сануулж байсан билээ. Гэсэн хэдий ч Соломон тэдгээр эмэгтэйчүүдийг тууштай хайрлаж байлаа. 3Тэрээр сурвалжит удамтай долоон зуун эхнэртэй, бас гурван зуун татвар эмстэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг урвуулжээ. 4Соломон хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн учир түүний зүрх сэтгэл эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг Бурханы төлөө бүхлээрээ зориулагдсангүй. 5Ингээд Соломон сидончуудын охин тэнгэр Ашторет, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг шүтэв. 6Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, эцэг Давид шигээ ЭЗЭНийг гүйцэд дагасангүй. 7Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошд болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт байх уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов. 8Өөрсдийн бурхдад утлага шатаан, тахил өргөж байсан харь орны бүх эхнэрүүддээ зориулан Соломон тийнхүү хандав.
9Соломоны зүрх сэтгэл Израилийн Бурхан ЭЗЭНээс урвасан тул ЭЗЭН Соломонд хилэгнэсэн. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн, 10өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч Соломон ЭЗЭНий тушаалыг сахисангүй. 11ЭЗЭН Соломонд
—Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно. 12Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно. 13Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь тастан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.
14Үүний дараа, ЭЗЭН едом хүн Хададыг Соломоны өстөн болгов. Тэр Едомд сурвалжит гаралтай хүн байв. 15Урьд нь Давидыг Едомд байх үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг оршуулахаар очихдоо Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд 16(Учир нь Иоаб болон бүх Израиль Едомын бүх эрчүүдийг хүйс тэмтэрч дуустлаа зургаан сарын турш тэндээ байсан юм) 17Хадад эцгийнх нь түшмэд болох хэсэг едомчуудын хамт Египет уруу зугтан гарсан билээ. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв. 18Тэд Мидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрчүүдийг дагуулан Египетэд хүрч ирээд, Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж, мөн газар ч өгчээ. 19Хадад Фараоны таалалд маш их нийцсэн тул Фараон түүнд өөрийн эхнэр Тахпенез хатны дүүг өгч гэрлүүлэв. 20Тахпенезын охин дүү түүнд хүү Генубатыг төрүүлсэнд Тахпенез түүнийг Фараоны ордонд тэжээн хөхнөөс гаргасан ажээ. Генубат Фараоны ордонд Фараоны хөвгүүдтэй хамт өслөө. 21Харин Хадад Египетэд байхдаа Давидыг өвөг эцгүүдтэйгээ нойрсож, цэргийн жанжин Иоабыг үхсэн гэдгийг сонсоод,
—Намайг төрсөн нутаг уруу минь явуулаач гэж Фараоноос хүсэв. 22Тэгэхэд Фараон түүнд
—Надтай хамт байхад чамд юу дутагдсан гээд чи өөрийн нутаг уруу буцахыг хүснэ вэ? гэв. Хадад
—Дутагдах зүйл огтхон ч байсангүй, гэхдээ та намайг заавал явуулах ёстой гэж хариулжээ.
23Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов. 24Давидыг Зобад харьяалагдах хүмүүсийг устгасны дараа Резон хүмүүс цуглуулж, дээрэмчдийн бүлгийн толгойлогч болов. Тэд Дамаскт очин суурьшиж Дамаскийг захирчээ. 25Соломоны амьдралынх нь турш Хададын үйлдсэн бузар муутай хамт Резон Израильд дайсагнан байлаа. Тэрээр Израильд дайсагнасаар, мөн Арамыг захирч байлаа.
26Соломоны зарц байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг босов. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв. 27Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон Миллог барьж, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм. 28Тэр үед Иеробоам зоригтой дайчин эр байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ. 29Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь шилон хүн Ахиа эш үзүүлэгч түүнтэй зам дээр уулзсан. Тэр хоёр тэр газар хоёулхнаа байсан бөгөөд Ахиа шинэ дээл өмссөн байв. 30Тэгээд Ахиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж, арван хоёр хэсэг болгон урлаа. 31Тэрээр Иеробоамд
—Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салган, арван овгийг нь чамд өгөх болно. 32(Гэвч Миний боол Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимыг бодон, зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ.) 33Учир нь тэд эцэг Давид шигээ амьдарч, Миний тогтоол заавруудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв зүйлийг хийж, Миний замаар явалгүй Намайг умартан сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомыг шүтсэн. 34Харин Миний тушаал заавруудыг сахиж байсан Миний сонгосон Миний зарц Давидыг бодож Соломоныг амьдралынх нь туршид түүний гараас бүх хаанчлалыг авахгүй, хаан хэвээр үлдээнэ. 35Харин Би хүүгийнх нь гараас хаанчлалыг булаан, арван овгийг чамд өгөх болно. 36Нэг овгийг Соломоны хүүд өгнө. Тэгвэл Өөрийн нэрээ байлгах гэж Миний сонгосон Иерусалимд Миний зарц Давид миний өмнө үргэлж гэрэлтэх болно. 37Би чамайг авч, чи өөрийн хүсэж буй бүгдийг захирч Израилийн дээр хаан болох болно. 38Тэгээд Миний зарц Давид шиг чамд Миний тушаасан бүхнийг чи сонсон, Миний замаар явж, Миний тушаал, заавруудыг мөрдсөнөөр Миний мэлмийн өмнө зөвийг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана. 39Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч, үргэлжид ийм байхгүй” гэж айлдсан гэв. 40Үүний учир Соломон, Иеробоамыг алах гэж эрсэн боловч Иеробоам босож, Египетийн хаан Шишак уруу зугтан Египет уруу Соломоныг үхэх хүртэл Египетэд хоргодож байв.
41Соломоны хийсэн ажлууд, мэргэн ухаан зэрэг өөр бусад үйлсийг Соломоны үйлсийг тэмдэглэсэн номд бичээгүй гэж үү? 42Соломон Иерусалимд суун, бүх Израилийг захирсан хугацаа нь дөчин жил байв. 43Соломон эцэг өвгөдийн хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаан болов.
Одоогоор Сонгогдсон:
ХААДЫН ДЭЭД 11: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society