ХААДЫН ДЭЭД 7

7
1Соломон өөртөө гэр барьж дуусгахад арван гурван жил зарцуулжээ. 2Тэрээр Ливаны ойн модоор зуун тохой урт, тавин тохой өргөн, гучин тохой өндөр байшин барьжээ. Энэ нь хуш модон дөрвөн эгнээ баганын дээр баригдсан бөгөөд багананууд нь хушин хөндлөвчүүдийг тулж байв. 3Дөчин таван багана дээр тогтдог ба эгнээ бүрд нь арван таван баганатай хажуугийн өрөөнүүдийг хушаар дээвэрлэсэн. 4Цонхнууд нь өөд өөдөөсөө харсан байдлаар гурван эгнээ байрласан байв. 5Бүх хаалга ба хүрээнүүд дөрвөлжин хэлбэртэй тортой байснаас гадна цонхнууд өөд өөдөөсөө харсан гурван эгнээгээр байрлажээ. 6Дараа нь Соломон мөн тавин тохой урт, гучин тохой өргөн баганат танхимыг байгуулсан бөгөөд уг танхимын өмнө талд үүдний танхим, багананууд ба босго байрлаж байлаа. 7Тэрээр хүмүүсийг шүүхийн тулд сэнтийт танхим буюу шүүхийн танхимыг барьж, шалыг нь бүхэлд нь хуш модоор доторлов. 8Соломоны амьдрах гэр нь танхимаас дотогш хашаанд байсан бөгөөд хэлбэр нь бусад барилгуудынхтай адил байв. Соломон өөрийн гэрлэсэн Фараоны охинд ч энэ танхимтай адил гэрийг барьж өгчээ.
9Эдгээр бүх барилгууд хөрөөдөж зассан үнэт чулуугаар хийгдсэн байлаа. Барилгын сууриас орой хүртэл гадна ба дотор талдаа, тийм чулуунаас бүтсэн бөгөөд гаднах том хашаа хүртэл тийм чулуугаар хийгджээ.
10Суурийг үнэт чулуугаар тавьсан бөгөөд зарим нь арван тохой, зарим нь найман тохой хэмжээтэй том чулуунууд байлаа. 11Дээр нь хэмжүүрээр зассан үнэт чулуу болон хуш өржээ. 12ЭЗЭНий өргөөний дотоод хашаа болон өргөөний үүдний танхим шиг гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.
13Соломон хаан хүн илгээн, Тирээс Хирамыг дуудаж авчрууллаа. 14Тэрээр Нафтали овгийн бэлэвсэн эхнэрийн хүү байсан бөгөөд эцэг нь тир хүн, хүрлийн дархан байв. Тэрээр мэргэн ухаан, ойлголтоор болоод хүрлээр аливаа зүйлийг хийх чадвараар дүүрэн байлаа. Ингээд тэрээр Соломон хаан уруу ирээд, түүний бүх ажлыг гүйцэтгэжээ.
15Тэрээр хос хүрэл багана бүтээсэн бөгөөд эдгээрийн өндөр нь арван найман тохой, тойргийг нь олсоор хэмжвэл арван хоёр тохой байлаа. 16Тэдгээрийн оройд тавих хос баганын толгойг хүрэл цутган бүтээжээ. Нэг баганын толгой таван тохой, нөгөө нь ч таван тохой өндөр байв. 17Баганын оройд тогтоосон баганын толгойг чимэглэхийн тулд хавтгай торон унжлага бас гинжин хэлбэрт цагиргийг тус бүрд нь долоон ширхгийг урласан байна. 18Хирам баганануудыг хийж, баганын оройд хийх баганын толгойг чимэглэсэн. Хүрэл анар хийж, нэг торон дээр хоёр эгнээ анаруудыг тойруулан баганын толгойг чимэглэжээ. Нөгөө баганын оройг ч ингэж чимэглэсэн байлаа. 19Үүдний танхимд буй баганын оройд тавьсан баганануудын толгой нь дөрвөн тохой өндөр бөгөөд сараана цэцгэн дүрстэй байв. 20Хоёр баганын орой дахь гинжин унжлагын дэргэд буй цагиргуудын хажууд баганын толгойнууд байсан бөгөөд хоёр зуун ширхэг хүрэл сэмбэрүү цэцгээр эгнээ үүсгэн тойруулан чимж өгчээ. 21Тэрээр хос баганыг гол танхимын үүдний танхимд босгосон байв. Баруун талын баганыг босгож Иахин гэж нэрлэн, зүүн талын баганыг Боаз гэж нэрлэжээ. 22Баганануудын оройд сараана цэцгэн чимэглэл байв. Ийнхүү баганыг босгох ажил өндөрлөжээ.
23Түүний дараа тэрээр тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраас нь нөгөө амсар хүртэл арван тохой, таван тохой өндөр, тойрог нь гучин тохой хэмжээтэй сав байлаа. 24Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж хоёр эгнээ хулуу урлажээ. Ингэхдээ нэг тохой бүрд арван хулуу байрлуулсан бөгөөд савтай нь цуг цутгаж хийсэн байв. 25Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг, гурав нь баруун зүг, гурав нь өмнө зүг, нөгөө гурав нь зүүн зүг харсан байжээ. Тэнгис нь тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв. 26Тэнгис нь алганы эн шиг зузаан, амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь хоёр мянган бат байв.
27Дараа нь тэрээр хүрлээр арван тавиур хийжээ. Тавиур тус бүр дөрвөн тохой урт, дөрвөн тохой өргөн, гурван тохой өндөр байлаа. 28Тавиуруудын загвар нь ийм байв: тэдгээр нь хүрээтэй бөгөөд самбаруудын хооронд ч хүрээтэй байжээ. 29Самбаруудын хоорондох тэдгээр хүрээнүүд дээр арслан, үхэр, херубуудын дүрс байрлуулжээ. Самбарууд дээр тавцан байсан бөгөөд арслан болон үхрийн дүрсний доод талд цэцгэн хэлхээ урласан байв. 30Тавиур бүр хүрэл тэнхлэгтэй дөрвөн хүрэл дугуйтай, дөрвөн хөл нь тулгууртай байв. Угаалгын савны доор тал бүрдээ цэцгэн хэлхээтэй тулгууруудыг цутгасан байв. 31Орой дээрх титмэн доторх амсар нь нэг тохой бөгөөд тавцангийн хэлбэртэй адил дугуй, нэг тохой хагас байлаа. Мөн амсар дээр нь сийлбэртэй бөгөөд зах нь дугуй биш дөрвөлжин юм. 32Дөрвөн дугуй нь хүрээний доор байх бөгөөд дугуйны тэнхлэг нь тавиур дээр байв. Дугуйны өндөр нь нэг тохой хагас байв. 33Дугуйнуудын хийц нь тэрэгний дугуйнуудынхтай адил байжээ. Дугуйны тэнхлэг, мөөр, дугуйны хигээс, түүний тэнхлэгийн булыг бүгдийг цутган хийсэн юм. 34Тавиур бүрийн дөрвөн буланд дөрвөн тулгуурыг хийсэн ба тулгуурууд нь тавиурын нэг хэсэг болж байв. 35Тавиурын оройд хагас тохой өндөр тойрог хийжээ. Тавиурын оройд бариул байх бөгөөд хүрээ нь үүний нэгэн хэсэг байв. 36Тэрээр тавиурын бариул болон хүрээний дээр херубууд, арслан, далдуу модыг цулгай зайнд нь багтааж, мөн тойруулан цэцгэн хэлхээ сийлбэрлэжээ. 37Тэр арван тавиурыг ингэж хийв. Тэдгээр нь бүгд ижил хэмжээ, хэлбэртэй цутгаж хийгдсэн байв. 38Хирам тавиур бүрд нэгийг буюу нийт арван тогоог хүрлээр хийсэн бөгөөд тогоо тус бүр дөчин бат усны багтаамжтай байв. Тогоо бүр дөрвөн тохой хэмжээтэй байв. 39Дараа нь тавиуруудын тавыг дуганы баруун талд, тавыг дуганы зүүн талд байрлуулжээ. Тэрээр цутгамал тэнгисийг өргөөний зүүн талд буюу урд зүг уруу чиглүүлэн дорно зүгт байрлуулсан юм.
40Хирам угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажлыг Хирам дуусгажээ. 41Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр толгой, оройд нь суулгасан толгойнуудыг чимэглэхээр зүүсэн хоёр унжлага, 42баганын оройн толгой дахь унжлагад чимэг болгон хоёр эгнээгээр суулгаж өгсөн дөрвөн зуун сэмбэрүү, 43арван тавиур, тавиур дээр тавих арван угаалгын сав, 44нэг тэнгис болон тэнгисийн доорх арван хоёр үхрийг, 45сав суулга, утгуур, хул аяга гэх мэт Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөн доторх энэ бүх хэрэгсэл өнгөлсөн хүрлээр хийсэн байв. 46Хаан эдгээрийг Суккот ба Заретаны хооронд байх шавартай хөрсөнд, Иорданы хөндийд цутгаж хийжээ. 47Соломон эдгээр бүх хэрэглэлийг хэмжээгүй орхисны учир нь хүрлийн жинг тооцоолохын аргагүй асар их хэрэгсэл байснаас юм.
48Соломон ЭЗЭНий өргөөнд байсан бүх эдлэлийг хийсэн билээ. Үүнд алтан тахилын ширээ ба Оршихуйн талх тавьдаг алтан ширээ, 49дотоод ариун газрын өмнүүр байх зүүн баруун талд нь тав таваар байрлуулсан шижир алтан дэнлүүний сууриуд, алтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд, 50шижир алтан аяга, чимхүүр, хул аяганууд, бойпор болон галын хорго, хамгийн дотоод өргөө буюу хамгийн ариун газар болон өргөө буюу гол танхимын хаалганд алтан нугас зэрэг болно.
51Ингээд Соломон хааны ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа зориулж цуглуулсан алт, мөнгө болон эд зүйлсийг Соломон авч ирэн, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавьлаа.

Одоогоор Сонгогдсон:

ХААДЫН ДЭЭД 7: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү