1 САМУЕЛ 16

16
1ЭЗЭН Самуелд айлдаж
—Би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнт татгалзсан учир чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь Би түүний хөвгүүдийн дундаас Өөртөө хааныг сонгосон билээ гэв. 2Харин Самуел
—Би яаж явах вэ? Саул үүний тухай сонсвол намайг алах болно гэв. ЭЗЭН айлдахдаа
—Чи эм тугал авч, “ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ” гэж хэлэгтүн. 3Тахил өргөхдөө Иессиг уригтун. Чиний юу хийхийг Би чамд зааж өгнө. Чи Миний төлөө Миний харуулах хүнд тос цутгагтун! гэв. 4Ийнхүү Самуел ЭЗЭНий айлдсаныг үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахлагчид түүнийг угтахаар чичирсээр гарч ирэн,
—Та энхийн хэргээр ирэв үү? хэмээн өгүүлэв. 5Самуел
—Энхийн хэргээр би ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ. Биеэ ариусган, надтай хамт тахил өргөхөөр ирэгтүн хэмээв. Тэр мөн Иесси болон түүний хөвгүүдийг ариусган, тэднийг тахил өргөхөд урив.
6Тэднийг орж ирэхэд Самуел Елиабыг хараад
—Үнэхээр ЭЗЭНий тослогдсон хүн Өөрийнх нь өмнө байна хэмээн бодов. 7Гэвч ЭЗЭН Самуелд айлдан
—Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв. 8Тэгэхэд Иесси Абинадабыг дуудан Самуелын урдуур явуулав. Самуел
—ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна хэмээн өгүүлэв. 9Дараагаар Иесси Шаммаг урдуур явуулсан боловч Самуел
—ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна хэмээн өгүүлэв. 10Ийнхүү Иесси долоон хөвгүүнээ Самуелын урдуур явуулсан боловч Самуел Иессид
—ЭЗЭН эднийг сонгоогүй гэж өгүүлэв. 11Самуел Иессид
—Хөвгүүд чинь бүгд энд байна уу? гэхэд Иесси
—Отгон хөвгүүн минь үлдсэн. Харагтун, тэр хонио хариулж байгаа гэв. Тэгэхэд Самуел Иессид
—Хүн явуулж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй хэмээн өгүүлэв. 12Иесси хүн явуулж, түүнийг авчруулав. Тэр улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа
—Босож, түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн гэв. 13Тэгэхэд Самуел эвэртэй тосыг авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув. Самуел босож Рама уруу буцав.
14ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв. 15Саулын түшмэд түүнд
—Харагтун, Бурханаас ирсэн муу сүнс таныг айлган сүрдүүлж байна. 16Эзэнтэн минь, өөрийнхөө өмнө байгаа зарц нартаа тушаагтун. Босоо ятга чадварлаг тоглодог хүнийг зарц нараараа эрж хайлгуулагтун. Бурханаас ирсэн муу сүнс тань дээр байхад тэрээр ятгаа өөрийн гараар тогловол та тайвшрах болно хэмээн өгүүлэв. 17Саул зарц нартаа
—Надад чадварлаг тоглодог хүнийг олж, над уруу авчрагтун хэмээв. 18Тэгтэл нэг залуу зарц нь
—Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эр зоригт дайчин хүн, үгэнд ухаалаг, сайхан залуу билээ. ЭЗЭН түүнтэй хамт байгаа хэмээн хариулав. 19Саул Иессид элч нарыг илгээж,
—Чи өөрийн хөвгүүн хоньчин Давидыг над уруу явуулагтун хэмээн хэлүүлэв. 20Иесси нэг илжиг авч, нэг талх, нэг тулам усан үзмийн дарс, нэг ишгийг ачин, өөрийн хүү Давидаар тэдгээрийг Саул уруу илгээв. 21Давид Саул дээр ирж, түүнд үйлчлэв. Саул түүнийг ихэд хайрлан, Давид Саулын зэвсэг баригч болов. 22Саул Иессид хүн явуулж,
—Давид одоо миний өмнө зогсог. Учир нь тэр миний таалалд нийцэв хэмээн хэлүүлэв. 23Бурханаас муу сүнс Саулд ирэх болгонд Давид босоо ятга авч, өөрийн гараар тоглоход Саулд хүч тэнхээ эргэн ирж, тайвшран муу сүнс түүнээс ангижирдаг байв.

Одоогоор Сонгогдсон:

1 САМУЕЛ 16: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү