1 САМУЕЛ 5
5
1Филистчүүд Бурханы авдрыг олзлон аваад, түүнийг Ебенезерээс Ашдод хот уруу авчрав. 2Дараа нь филистчүүд Бурханы авдрыг Дагоны дуганд авчран, Дагоны дэргэд тавив. 3Ашдодчууд дараагийн өглөө эртлэн босож харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Тэд Дагоныг авч, байранд нь дахин тавив. 4Гэвч тэд дараагийн өглөө нь эрт босон харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Дагоны толгой болон хоёр гар нь тасарч босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь л үлдсэн байв. 5Тиймээс Дагоны тахилч нар Дагоны дуганд ирэгч хэн боловч өнөөг хүртэл Ашдодод байдаг Дагоны босгыг алхсангүй.
6ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Тэр Ашдод болон түүний хязгаар нутгийн хүмүүсийг сүйрүүлж, хавдар өвчнөөр цохив. 7Ашдодын хүмүүс үүнийг үзээд
—Израилийн Бурханы авдрыг бидний дунд үлдээж болохгүй. Учир нь тэр Бурханы мутар бидний дээр болон бидний бурхан Дагонд гай зовлон учруулсан билээ гэцгээв. 8Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан,
—Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэж асуув. Тэд
—Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя хэмээв. Тэд Израилийн Бурханы авдрыг аваачив. 9Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг аймшигтай үймээн авчран, Бурхан энэ хотын хүмүүсийг хөгшин, залуугүй зовоож, тэд бүгд хавдар өвчтэй болов. 10Тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрсэнд екрончууд хашхиралдан,
—Тэд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирсан нь биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд юм гэцгээв. 11Тийм учраас тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан,
—Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газар уруу нь буцаан явуулагтун хэмээн шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун байв. Бурханы мутар тэнд маш хүндээр тэднийг дарж байв. 12Үхээгүй хүмүүс нь хавдар өвчинд баригдаж, хотын орь дуу тэнгэрт хадав.
Одоогоор Сонгогдсон:
1 САМУЕЛ 5: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society