2 САМУЕЛ 4
4
1Абнерыг Хебронд нас нөгчсөнийг Саулын хүү Иш-бошет сонсоод, зориг нь мохож, хамаг Израиль ч сандрав. 2Саулын хүүд дээрэм хийдэг бүлгүүдийг удирддаг хоёр захирагч байв. Нэгнийх нь нэр Баана, нөгөөгийнх нь нэр нь Рехаб гэдэг байлаа. Тэд хоёулаа Бениамин хөвгүүдээс гаралтай, Беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг хэмээн үздэг байв. 3Беерот хүмүүс Гиттаим уруу зугтан ирж, энэ өдрийг хүртэл тэнд харийнхан болжээ.)
4Саулын хүү Ионатанд нэгэн хөл муутай хөвгүүн байв. Саул болон Ионатаны тухай мэдээ Иезреелээс ирэх үед тэр хүү таван настай байжээ. Асрагч нь түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч байх үедээ хүүг унагаснаас болж хүү хөлгүй болжээ. Тэр хүүгийн нэрийг Мефибошет гэдэг байв.
5Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб, Баана нар өдрийн халуунд Иш-бошетын гэрт ирэх үед, Иш-бошет үдийнхээ амралтыг эдэлж байв. 6Тэд улаан буудай авах гэж буй мэт гэрийн голд очиж, түүний хэвлий уруу цохив. Тэгээд Рехаб болон түүний ах Баана нар зугтацгаав. 7Тэднийг гэрт орох үед Иш-бошет нойрсох танхимдаа орон дотроо хэвтэж байсанд, тэд түүнийг цохиж алаад, толгойг нь огтолж авав. Тэд толгойг нь аваад, шөнөжингөө Арабагийн замаар явав. 8Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран, хаанд
—Харагтун, энэ бол таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөө ийнхүү авахуулав гэж айлтгав.
9Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб болон түүний ах Баана нарт Давид хариулан
—Миний амийг хамаг зовлонгоос ангижруулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. 10Нэгэн хүн надад “Харагтун. Саул үхэв” хэмээн мэдэгдэж, өөрийгөө сайн мэдээ авчирлаа хэмээн бодоход нь би түүнийг барьж, Зиклагт алав. Тэр нь мэдээнийх нь төлөө түүнд өгсөн шагнал байлаа. 11Тэр тусмаа хорон мууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв. 12Тэгээд Давидыг залууст тушаахад, залуус нь тэднийг алж, гар хөлийг нь цавчин, тэдгээрийг Хебронд цөөрмийн дэргэд дүүжлэн тавив. Харин тэд Иш-бошетын толгойг авч, Хеброн дахь Абнерын булшинд оршуулав.
Одоогоор Сонгогдсон:
2 САМУЕЛ 4: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society