КОЛОССАЙ 3

3
1Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрх зүйлсийг эрсээр бай. Тэнд Христ Бурханы баруун талд заларч байгаа. 2Та нар оюун ухаанаа газар дахь зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл. 3Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан. 4Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор Түүний хамт илчлэгдэх болно.
5Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм. 6Эдгээрээс болж Бурханы уур хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно. 7Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан. 8Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун. 9Бие биедээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж, 10шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм. 11Энд Грек ба Иудей, хөвч хөндүүлсэн ба хөвч хөндүүлээгүй, зэрлэгүүд, скутчууд, боол ба чөлөөт хүн гэж байхгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна.
12Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. 13Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. 14Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм. 15Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. 16Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. 17Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөн, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.
18Эхнэрүүд ээ, Эзэний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун. 19Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд.
20Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана. 21Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул.
22Боолууд аа, махан биеийнхээ эзнийг бүх талаар дагагтун. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин сэтгэлээсээ үйлчил. 23Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийгтүн. 24Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэддэг. Чи Эзэн Христэд үйлчилж байгаа юм. 25Учир нь буруу юм хийсэн хүн, хэн ч бай ялгаагүй, хийсэн буруу зүйлийнхээ уршгийг хүртэнэ.

Одоогоор Сонгогдсон:

КОЛОССАЙ 3: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү