ДАНИЕЛ 10

10
1Персийн хаан Корешийн гурав дахь жилд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, энэ үзэгдлийг ч ухаарав. 2Тэр өдрүүдэд Даниел би бүтэн гурван долоо хоног гашуудсан билээ. 3Бүтэн гурван долоо хоног дуустал би амтат хоол ч идсэнгүй, мах ба дарс ч амандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй. 4Эхний сарын хорин дөрөв дэх өдөр би Тигр хэмээх их мөрний эрэг дээр зогсож байгаад, 5нүдээ дээш өргөн харахад, маалинган хувцас өмсөж, Уфазын шижир алтан бүс бүсэлсэн нэгэн хүн үзэгдэв. 6Мөн түүний бие нь биндэрьяа чулуу шиг, царай нь аянгын дүртэй, нүд нь дүрэлзсэн бамбар шиг, гар ба хөл нь өнгөлсөн хүрлийн гялбаа шиг, бас дуу хоолой нь түмэн хүний дуу мэт бөлгөө. 7Даниел би л ганцаараа энэ үзэгдлийг харсан. Тэгэхэд надтай хамт байсан хүмүүс энэ үзэгдлийг хараагүй боловч тэднийг агуу их айдас нөмөрч, тэд зугтан нуугдацгаасан билээ. 8Тиймээс би ганцаараа үлдэж, энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй. 9Ингээд би түүний үгийг сонссон. Түүний үгийг сонсонгуут би нүүрээрээ газар унаж, гүн нойронд автав.
10Харагтун, нэгэн гар надад хүрсэнд, би чичирсээр өвдөг ба гарынхаа алган дээр босов. 11Тэрээр надад
—Ихэд хүндлэгддэг Даниел аа, чамд хэлэх гэж буй миний үгийг ойлгож, цэх шулуун зогсогтун. Юу гэвэл би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов. 12Тэрээр надад
—Бүү ай, Даниел аа. Учир нь үүнийг ойлгож авахаар, мөн өөрийн Бурханы өмнө өөрийгөө дорд тавихаар зүрхэндээ шийдсэн анхны өдрөөс чинь чиний үгсийг Бурхан сонссон учир би үгэнд чинь хариулахаар ирлээ. 13Гэвч Персийн хаант улсын жонон намайг хорин нэгэн өдөр эсэргүүцсэн. Харин тэргүүн жононгуудын нэг болох Михаел надад туслахаар ирсэн. Учир нь би тэнд Персийн хаадтай хамт үлдсэн байв. 14Хожмын өдрүүдэд чиний ард түмэнд юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдэд хамаарна гэв. 15Тэрээр надад эдгээр үгийг хэлэнгүүт би нүүрээрээ газар ширтэн, дуугүй болсон. 16Хүний хүү шиг дүрстэй нэгэн уруулд минь хүрч байв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан
—Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, надад ямар ч хүч үгүй боллоо. 17Учир нь эзэний минь ийм зарц миний эзэнтэй хэрхэн ярьж чадах билээ? Миний хувьд гэвэл, одоо надад ямар ч тамир тэнхээ үлдээгүй, амьсгал ч үгүй болсон гэв.
18Тэгэхэд хүний дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг чадалтай болгов. 19Тэрээр
—Ихэд хүндлэгддэг хүн ээ, бүү ай. Амар амгалан чамд байг. Зоригийг ав, зоригтой болтугай! гэв. Тэр надад ингэж хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж,
—Миний эзэн та намайг хүч тэнхээтэй болгосон учир ярьж хайрла гэв. 20Тэгээд тэрээр
—Би чам уруу юуны тулд ирснийг чи ойлгож байна уу? Гэвч би одоо Персийн жононтой байлдахаар буцах ёстой. Тиймээс би явлаа, харин харагтун, Грекийн жонон ирэх гэж байгаа. 21Гэвч үнэний бичээст юу гэж бичигдсэнийг би чамд хэлнэ. Гэсэн ч танай жонон Михаелаас өөр, эдгээр хүчнүүдийн эсрэг надтай хамт бат зогсох хүн байхгүй юм гэв.

Одоогоор Сонгогдсон:

ДАНИЕЛ 10: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү