ДАНИЕЛ 3

3
1Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов. 2Тэгээд Небухаднезар хаан өөрийн босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчдыг цуглуулахаар зарлиг илгээжээ. 3Ингээд удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчид Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов. 4Тунхаглагч чанга дуугаар тунхаглан
—Ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ. 5Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц сөгдөн, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн. 6Харин сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв. 7Тийм учраас бүх ард түмэн бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд сөгдөж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв.
8Тэр үед зарим халдеичууд ойртон ирж, иудейчүүдийг буруушаав. 9Тэд Небухаднезар хаанд хариулан
—Хаан минь, мөнх насалтугай! 10Хаан минь, бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүхэн сөгдөж, алтан хөрөгт мөргөхийг шаардсан зарлигийг та гаргасан билээ. 11Гэвч сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях болно. 12Вавилоны мужийн удирдлагыг хариуцуулан таны томилсон Шадрах, Мешах, Абед-него зэрэг зарим иудейчүүд бий. Эдгээр хүмүүс хаан таныг үл ойшоон, таны бурхдад эс үйлчлэн, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэв.
13Тэгэхэд, хилэгнэн уурласан Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг авчрахыг тушаасанд, тэд хааны өмнө хүргэгдэн ирэв. 14Небухаднезар тэдэнд
—Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдад үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэдэг нь үнэн үү? 15Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Ямар бурхан миний гараас та нарыг аварч чадах билээ? гэв. 16Шадрах, Мешах, Абед-него нар хаанд хариулан,
—Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй. 17Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна. 18Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй гэв.
19Тэгэхэд Небухаднезар уур хилэнд автаж, Шадрах, Мешах, Абед-него нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галлахыг тэрээр тушаав. 20Шадрах, Мешах, Абед-него нарыг хүлээд, дүрэлзсэн галтай зууханд хаяхыг цэргийнхэн дотроос зарим зоригт дайчдад тэр тушаав. 21Тэгээд тэднийг өмд, дээл, толгойн өмсгөл болон бусад бүх хувцастай нь хүлж, дүрэлзсэн галтай зууханд хаяв. 22Хааны тушаал яаралтай, зуух маш халуун байсан учраас Шадрах, Мешах, Абед-него нарыг авчирсан хүмүүсийг галын дөл шатааж алав. 23Харин Шадрах, Мешах, Абед-него хэмээгдэх эдгээр гурван хүн хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зуух уруу унав.
24Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр өөрийн дээд түшмэдээс
—Бид гурван хүн хүлж, гал уруу хаясан биш үү? гэж асуусанд, тэд хаанд хариулан
—Тийм ээ, хаан минь гэв. 25Хаан
—Хараач! Хүлээсгүй, гэмтэлгүй дөрвөн хүн гал дунд явж байгааг би харж байна. Дөрөв дэх нь бурхдын хөвгүүн мэт төрхтэй юм гэв. 26Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны хаалганд ойртож очоод,
—Хамгийн Дээд Бурханы зарц нар болох Шадрах, Мешах, Абед-него нар аа, наашаа гарч, ойртон ирэгтүн гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абед-него нар гал дундаас гарч ирэв. 27Бүх аймгийн удирдагчид, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, тэдгээр гурван хүнийг үзэхэд, тэдний бие галд гэмтээгүй, үс нь ч хуйхлагдаагүй, дээлийнх нь өнгө ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй.
28Небухаднезар
—Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэр элчээ илгээж, Өөрт нь итгэдэг, хааны тушаалыг зөрчиж, өөрсдийн Бурханаас гадна өөр ямар ч бурханд үйлчлэхгүй бөгөөд мөргөхгүй гэж өөрсдийн биеийг тушаан өгсөн зарц нараа аварсан билээ. 29Тиймээс Шадрах, Мешах, Абед-него нарын Бурханы эсрэг эвгүй юм ярих аливаа ард түмэн, үндэстэн, хэлтний биеийг мөч мөчөөр нь цавчин, гэрийг нь үнсэн товорго болгохыг би тушааж байна. Юу гэвэл ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв. 30Тэгээд хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг Вавилоны мужид тушаал дэвшүүлэв.

Одоогоор Сонгогдсон:

ДАНИЕЛ 3: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү