ДЭД ХУУЛЬ 10

10
1Тэгэхэд ЭЗЭН надад “Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над уруу хүрч ир. Бас нэгэн модон авдар хий. 2Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би тэр хавтан дээр бичье. Чи түүнийг тэр авдартаа хий” гэв. 3Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлан, түүнийгээ гартаа бариад уул уруу гарсан. 4Чуулган болсон тэр өдөр ЭЗЭН уулан дээр галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа түрүүчийн адил хавтангууд дээр бичээд, түүнийгээ надад өгсөн билээ. 5Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.
6(Израилийн хөвгүүд Беерот Бене-Иааканаас, Мосера уруу хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд оршуулсан. Түүний хүү Елеазар оронд нь тахилч болж үйлчилсэн. 7Тэд тэндээсээ Гудгода уруу хөдөлж, мөн цааш Гудгодагаас хөдөлж, горхи элбэгтэй Иотбатад хүрч ирсэн билээ. 8Тэр үед ЭЗЭН Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан. 9Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Чиний Бурхан ЭЗЭН тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв юм.)
10Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан. 11Тэгээд ЭЗЭН надад хандан “Чи бос. Миний тэдэнд өгөхөөр өвөг дээдэст нь тангарагласан газар уруу тэднийг аваачиж, эзэмшүүлэхийн тулд энэ ард түмнийг тэргүүлэн аян замаа цааш үргэлжлүүл” гэж айлдсан билээ.
12Израиль аа! Чиний Бурхан ЭЗЭН чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан, бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг болон 13чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг, тушаалыг дагаж мөрдөхийг шаарддаг бус уу? 14Тэнгэр хийгээд хамгийн дээд тэнгэр, бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм. 15Гэсэн ч ЭЗЭН зөвхөн чиний өвөг дээдсийг хайрлахаар таашаан соёрхож, тэдний үр удмынхан болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмнүүдийн дээгүүр сонгож авсан. 16Тиймээс та нар зүрхэндээ хөвч хөндүүлж, цаашид хөшүүн хүзүү бүү гарга. 17Та нарын Бурхан ЭЗЭН бол бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй. 18Тэрээр өнчин, бэлэвсэн эмэгтэйн төлөө шударга ёсыг тогтоон, харийн хүнд хоол хүнс, хувцас хунар өгч Өөрийн хайраа харуулдаг. 19Та нар Египетэд харийн хүн байсан. Тийм учраас та нар харийн хүнийг хайрла. 20ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зууран, Түүний нэрээр тангарагла. 21Тэр бол чиний магтаал, Тэр бол чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чиний төлөө үйлдсэн. 22Египетэд хүрч очсон чиний өвөг дээдэс ердөө далуулаа байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.

Одоогоор Сонгогдсон:

ДЭД ХУУЛЬ 10: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү