ДЭД ХУУЛЬ 22
22
1Хэрэв чи ах дүүгийн чинь үхэр, хонь төөрч явааг харвал хайхралгүй бүү өнгөрөө. Харин чи түүнийг ах дүүдээ заавал буцаан хүргэж өг. 2Хэрвээ ах дүү чинь чамаас хол, эсвэл чи түүнийг мэдэхгүй байвал чи тэр малыг гэртээ авчраад, ах дүү чинь хайж иртэл нь өөртөө байлгаж байгаад, түүнд буцааж өг. 3Илжиг ч байсан буцааж өг, хувцас хунар ч байсан буцааж өг. Ах дүүгийнхээ аливаа алдагдсан зүйлийг олбол чи тийнхүү буцаан өгч бай. Хайхралгүй бүү өнгөрөө. 4Ах дүүгийн чинь илжиг, эсвэл үхэр замд унасан байхыг харвал хайхралгүй бүү өнгөр. Ах дүүдээ түүнийг түшиж босгоход нь заавал тусал.
5Эмэгтэй нь эрэгтэй хүний хувцсыг бүү өмс. Эрэгтэй нь ч эмэгтэй хүний хувцсыг бүү өмс. Тэгсэн хэн бүхэн ЭЗЭН Бурханыхаа жигшлийг төрүүлэх болно.
6Хэрэв явах замд чинь модон дээр, эсвэл газарт ангаахай юм уу өндөгтэй үүр байж, ангаахай эсвэл өндгөө дарсан эх шувуу дайралдвал эх болон ангаахайг хамтад нь бүү ав! 7Чи эхийг нь заавал явуул. Харин ангаахайг нь өөртөө авч болно. Тэгвэл чи сайн сайхан байж, урт насална.
8Чи шинэ байшин барихдаа дээвэр дээрээ хашлага хий. Хэн нэгэн хүн чиний байшин дээрээс унаж, цус урссан гэм нь гэрт чинь оногдуузай.
9Усан үзмийн цэцэрлэгтээ хоёр өөр төрлийн үр бүү тарь. Хэрэв тэгвэл чиний тарьсан үрээс ургасан жимс, усан үзмийн цэцэрлэгийн ургац бүгд бохирдоно. 10Чи газар хагалахдаа үхэр, илжиг хоёрыг нэг анжсанд бүү хөллө. 11Ноос маалинга хоёрыг хольж нэхсэн хувцас бүү өмс.
12Өмсдөг гадуур хувцасныхаа дөрвөн өнцөгт нь бүч хий.
13Хэрэв хэн нэгэн хүн эхнэр авч, түүнтэйгээ унтаад, түүнд дургүй болж, 14“Би энэ хүүхнийг авсан. Харин түүнтэй унтаад би түүний онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй” хэмээн гүтгэн, нэрийг нь гутаавал, 15тэр бүсгүйн эцэг эх нь бүсгүйн онгон байсны тэмдгийг авч гараад, хотын дааман хаалганы дэргэдэх ахмадууд дээр очиж, 16бүсгүйн эцэг нь ахмадуудад хандан “Би охиноо энэ хүнд эхнэр болгон өгсөн билээ. Гэтэл тэр дургүйцэн, 17«Би чиний охины онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй» хэмээн түүнийг гүтгэсэн. Гэтэл хар! Миний охины онгоны шинж тэмдэг энэ байна” гэж хэлээд эцэг эх нь хотын ахмадуудын өмнө хувцсыг нь дэлгэн үзүүлнэ. 18Хотын ахмадууд тэр хүнийг барьж авч цээрлүүлнэ. 19Тэр хүн Израилийн онгон бүсгүйн нэрийг гутаасан учир тэд түүнийг зуун мөнгөн шекелээр торгон, мөнгийг бүсгүйн эцэгт өгнө. Тэгээд мөнөөх бүсгүй түүний эхнэр нь хэвээрээ үлдэх болно. Тэр хүн насан туршдаа түүнээс салж болохгүй. 20Харин тэр бүсгүйг онгон байгаагүй гэсэн түүний мэдүүлэг нь үнэн байвал, 21бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч Израильд шившигт хэрэг хийсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул.
22Хэрвээ хэн нэгэн эр гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино. Та нар бузар мууг ингэж Израилиас зайлуулах ёстой.
23Хэрэв хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйтэй өөр эрэгтэй хүн хотын дотор учраад, унтвал 24та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул. 25Хэрвээ хүнтэй сүй тавьсан бүсгүйтэй хэн нэгэн эр хөдөө хээр тааралдаад хүчиндсэн байвал зөвхөн тэр хүчиндсэн эрийг л алах ёстой. 26Тэр бүсгүй алуулбал зохих нүгэлгүй учир түүнийг зүгээр орхи. Энэ нь хэн нэг хүн хөрш уруугаа дайран амийг нь хороосонтой адил хэрэг юм. 27Учир нь тэр эр бүсгүйтэй хөдөө хээр тааралдах үед тэр сүйт бүсгүй хашхирсан ч гэсэн түүнийг аврах хэн ч байхгүй байсан.
28Хэрвээ хэн нэгэн эр сүй тавиагүй, онгон бүсгүйтэй тааралдаж, түүнийг барьж аваад, унтаж байгаад баригдвал 29түүнтэй унтсан тэр эр бүсгүйн эцэгт тавин мөнгөн шекел өгч, тэр бүсгүйг эхнэр болгон авах ёстой. Учир нь тэрээр бүсгүйг хүчирхийлсэн юм. Тэр насан туршдаа түүнээс салж болохгүй.
30Хэн нэгэн хүн эцгийнхээ эхнэрийг авч, эцгийнхээ хормойг сөхөж болохгүй.
Одоогоор Сонгогдсон:
ДЭД ХУУЛЬ 22: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society