ДЭД ХУУЛЬ 23

23
1Төмсгөө няцлуулсан юм уу, бэлэг эрхтнээ огтлуулсан хэн ч гэсэн ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. 2Хууль бус гэрлэлтээс төрсөн хэн ч гэсэн, түүний арван үеийн үр удмынхан ч гэсэн ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. 3Аммончууд, моабчууд ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. Тэдний арван үеийн үр удмынхан ч гэсэн ЭЗЭНий чуулганд хэзээ ч орох ёсгүй. 4Учир нь тэд чамайг Египетээс гарахад замд чинь талх ус барин та нарыг угтаагүй, мөн чамайг хараалгахын тулд Месопотами дахь петор хүн Беорын хүү Балаамыг чиний эсрэг хөлсөлсөн болой. 5Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин тэр хараалыг чиний төлөө ерөөл болгон хувиргасан. 6Чи насан туршдаа тэдэнд амар тайван, сайн сайхныг хэзээ ч бүү хүс.
7Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд бол чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Яагаад гэвэл та нар тэдний газар нутаг дээр харийн хүмүүс болж байсан. 8Тэдний гурав дахь үеийн хөвгүүд нь ЭЗЭНий чуулганд оролцож болно.
9Чи дайснуудынхаа эсрэг хуарагнахдаа аливаа бузар зүйлээс сэргийл. 10Хэрэв та нарын хэн нэг нь шөнө дур тавьснаас болж бузартсан бол тэрээр хуарангаас гарч, хуарандаа эргэж орох ёсгүй. 11Харин үдэш болоход тэр биеэ усаар угаагаад, нар шингэмэгц хуарандаа эргэн орж болно. 12Чи бас хуарангаас гадна бие засах газар барьж, тийшээгээ очиж болно. 13Чиний багаж зэвсгүүдийн дунд хүрз байх ёстой. Чи гараад бие засахдаа, түүгээрээ газар ухаж, эргээд ялгадсаа бул. 14ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явах учир хуаран чинь ариун байх ёстой. Тэгвэл та нарын дундаас Тэр бузар муухай зүйлийг олж харахгүй учир чамайг орхихгүй.
15Эзнээсээ оргож чам уруу очсон боолыг чи эзэнд нь буцааж бүү тушаа. 16Тэр боол танай аль нэгэн хотын дотроос өөртөө таатай хэмээн сонгож авсан газартаа та нарын дунд чамтай хамт амьдран сууг. Түүнийг бүү дарамтал.
17Израиль охидын дунд сүмийн янхан байх ёсгүй. Израиль хөвгүүдийн дотор сүмийн янхан эр байх ёсгүй. 18Янхны олсон мөнгө хийгээд нохой мэт хүний (сүмийн янхан эрийн) олсон хөлсийг ямар ч тангаргийн өргөлд зориулан ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Тэр хоёрыг хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ. 19Чи ах дүүгээсээ зээлийн хүү битгий нэх. Тухайлбал мөнгөний хүү, хоол хүнсний хүү болон бусад аливаа хүүлж болмоор зүйлсээсээ хүү битгий ав. 20Чи гадаадын хүнээс зээлийн хүүг авч болно, харин ах дүүгээсээ зээлийн хүү битгий нэх. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж буй газар нутаг дээр чиний гараараа хийсэн бүхний төлөө чамайг ивээнэ.
21Чи ЭЗЭН Бурхандаа амласан бол төлөхөө бүү удаашруул. ЭЗЭН Бурхан чинь үүнийг чамаас заавал шаардах бөгөөд энэ нь чамд нүгэл болно. 22Хэрэв чи амлаагүй бол нүгэлгүй байхсан. 23Чи амаараа хэлсэн зүйлээ ЭЗЭН Бурхандаа сайн дураараа тангарагласан шигээ хэлсэн зүйлээ хэрэгжүүлэхдээ анхаар.
24Чи хөршийнхөө усан үзмийн цэцэрлэгт орохдоо, усан үзмээс нь дураараа, цадтал идэж болно. Харин сагсандаа нэгийг ч бүү хий. 25Чи хөршийнхөө тариан талбайд орохдоо тариан түрүүг гараараа шувтран авч болно. Харин хөршийнхөө тарианд хадуураа бүү хүргэ.

Одоогоор Сонгогдсон:

ДЭД ХУУЛЬ 23: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү