ДЭД ХУУЛЬ 3
3
1Бид эргэж Башан уруу хүрч очиход Башаны хаан Ог өөрийн бүх ард түмнээ дагуулан Едреид бидэнтэй тулалдахаар ирэв. 2ЭЗЭН надад хандаж “Түүнээс битгий ай. Би түүнийг бүх ард түмэн, газар нутагтай нь чиний гарт тушаасан. Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг яасан шигээ чи түүнд тийн үйлд” гэв. 3Ингээд ЭЗЭН Бурхан маань Башаны хаан Ог болон түүний бүх ард түмнийг бидний гарт тушаасанд бид тэднийг нэг ч амьд хүн үлдээлгүй бут цохив. 4Бид тэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй. 5Тэдгээр хотууд нь бүгд өндөр хэрэм, дааман хаалганууд, хаалтуудаар бэхлэгдсэн байв. Түүнээс гадна хана хэрэмгүй суурингууд нэн олон байжээ. 6Бид Хешбоны хаан Сихонд үйлдсэн шигээ хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйс тэмтрэн, тэдгээр хотыг устгасан. 7Бид харин бүх мал адгуус болон хотуудаас дээрэмдсэн зүйлсийг өөрсдөдөө олз болгон авлаа. 8Ингэж бид тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг болон 9(Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг) 10тэгш тал дахь бүх хотууд, бүх Гилеад, бүх Башан, Башан дахь Огийн хаант улсын хот Салека, Едреи хүртэл эзлэн авсан. 11(Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмрөн ор бөгөөд энгийн хүний тохойгоор бол есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа)
12Тэр үед бид энэ газрыг эзлэн авсан билээ. Би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн. 13Гилеадын үлдсэн газар нутаг болон Огийн хаант улс бүх Башан, Аргобын бүх нутгийг би Манассе овгийнхны хагаст өгсөн. (Бүх Башаныг Рефаимын нутаг гэж нэрлэж байжээ. 14Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.) 15Би Гилеадыг Махирт өгсөн билээ. 16Би реубенчүүд болон гадчуудад Гилеадаас Арноны хөндий хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэл 17мөн Араба, Иордан голын хамт Хиннеретээс Арабагийн тэнгис буюу Давст тэнгис, Писга уулын хормой хүртэл баруун хил нь болжээ.
18Тэр үед би та нарт “ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан голыг гаталцгаа. 19Харин та нарын эхнэр, хүүхэд, мал сүрэг чинь (Та нарыг олон малтай гэдгийг би мэднэ.) миний та нарт өгсөн хотуудад үлдэх бөгөөд 20ЭЗЭН та нарт өгсөн шигээ та нарын ах дүүст ч амралтыг өгөх хүртэл тийн байх болно. Тэд Иорданы нөгөө талд, та нарын Бурхан ЭЗЭНий өгөх газрыг эзэмшсэний дараа та нар бүгдээрээ миний өгсөн эзэмшил газартаа буцан ирж болно” гэж хэлсэн. 21Тэр үед би Иошуад хандан “Та нарын Бурхан ЭЗЭНээс энэ хоёр хаанд учруулсан бүгдийг чи нүдээрээ үзсэн. Чиний гатлан очих гэж буй бүх хаант улсуудад ЭЗЭН бас тийн үйлдэх болно. 22Тэднээс битгий ай. ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм” гэж тушаасан билээ.
23Би бас тэр үед ЭЗЭНээс гуйж, 24“Эзэн БУРХАН! Та зарцдаа Өөрийнхөө агуу их, хүчирхэг мутрыг үзүүлж эхэлсэн. Таных шиг ийм ажлуудыг, хүчит үйлсийг үйлдэж чадах ямар бурхан тэнгэр газарт байна вэ? 25Би залбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс болон Ливаныг үзүүлээч” гэсэн 26боловч ЭЗЭН та нараас болж, надад уурласан байсан бөгөөд намайг сонссонгүй. ЭЗЭН надад “Боллоо. Чи энэ тухай Надад дахин бүү ярь. 27Писга уулын оройд гарч, нүдээ өргөн, зүүн баруун, хойш урагш ширтэн, тэр газрыг өөрийнхөө нүдээр хар. Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй. 28Харин чи Иошуад тушааж, түүнд урам зориг, хүч чадал өг. Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн, Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлнэ” гэв. 29Тэгэхэд бид Бетпеорын нөгөө талын хөндийд үлдсэн.
Одоогоор Сонгогдсон:
ДЭД ХУУЛЬ 3: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society