ДЭД ХУУЛЬ 9

9
1Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна. 2Тэндхийн хүмүүс нь аварга том, өндөр, та нарын мэддэг анакчуудын хөвгүүд билээ. “Анакийн хөвгүүдийн өмнө хэн зогсож чадах билээ?” гэж хэлэлцдэгийг та нар бас сонссон. 3Чи өнөөдөр мэдэж ав. ЭЗЭН Бурхан чинь дүрэлзэж байгаа гал шиг чиний өмнө гатлан явж, тэднийг бут цохиод, чиний өмнө унагана. Ингэснээр чи ЭЗЭНийхээ айлдсан ёсоор тэднийг хөөн гаргаж, даруй устгах юм. 4ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн гаргасны дараа “ЭЗЭН миний зөвт байдлаас болж намайг энэ газар нутгийг эзэмшүүлэхээр авчирсан” гэж дотроо бүү бод. Харин эдгээр үндэстний хорон муу байдлаас болж ЭЗЭН тэднийг чиний өмнөөс хөөн гаргаж байгаа юм. 5Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тангаргаа батлахын тулд ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн зайлуулж байгаа нь эдгээр үндэстнүүдийн хорон муу байдлаас болсон юм. 6ЭЗЭН Бурхан чинь чамд энэ сайхан газар нутгийг эзэмшүүлэхээр өгч байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш гэдгийг мэдэж ав. Учир нь чи бол хөшүүн хүзүүтэй ард түмэн юм.
7Цөлд чи өөрийн Бурхан ЭЗЭНийг яаж хилэгнүүлж байснаа марталгүй санаж яв. Чи Египетийн нутгийг орхисон өдрөөс хойш энэ газарт иртлээ ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр байсан. 8Тэр ч байтугай та нар Хореб ууланд ЭЗЭНий уур хилэнг өдөөснөөс болж ЭЗЭН та нарт ихэд хилэгнэж, та нарыг устгах гэсэн билээ. 9Тэр үед би чулуун хавтангууд буюу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний хавтангуудыг авахаар уул өөд гараад, тэр ууланд дөчин өдөр, дөчин шөнө байхдаа талх ч идээгүй, ус ч уугаагүй. 10Бурханы хуруугаар бичигдсэн хоёр чулуун хавтанг ЭЗЭН надад өгсөн. Чуулган болсон тэр өдөр уулын орой дээр галын дундаас та нарт хандаж ЭЗЭНий айлдсан бүх үгс тэдгээр хавтан дээр байсан. 11Тэрхүү дөчин өдөр, дөчин шөнийн эцэст ЭЗЭН надад хоёр чулуун хавтан буюу гэрээний хавтанг өгсөн. 12Дараа нь ЭЗЭН надад хандан “Чи босож, эндээс даруй буу. Учир нь чиний Египетээс гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд маш түргэн буцаж, өөрсдөдөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна” гэсэн. 13ЭЗЭН цааш нь надад “Би энэ ард түмнийг харлаа. Үнэхээр тэд бол хөшүүн хүзүүтэй ард түмэн байна. 14Надад бүү саад хий. Би тэднийг устгаж, тэдний нэрийг тэнгэрийн доороос арчин хаяж, чамайг тэднээс илүү хүчтэй, илүү агуу үндэстэн болгоно” гэсэн. 15Намайг уулан дээрээс буцаж буухад ууланд гал дүрэлзэж, гэрээний хоёр хавтан миний хоёр гарт байв. 16Үнэхээр та нар ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг би харсан. Та нар өөрсдөдөө зориулж, тугалын дүрсийг цутган бүтээжээ. Та нар ЭЗЭНий тушаасан замаас маш түргэн буцсан учир 17би өнөөх хоёр хавтанг гартаа авч, чулуудан та нарын нүдний өмнө буталсан билээ. 18Би ЭЗЭНий өмнө урьдынх шигээ дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтэж, талх ч идээгүй, ус ч уугаагүй. Та нарын Түүний уур хилэнг хөдөлгөхөөр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйлдэлд холбогдсон бүх нүглээс чинь болж тэгсэн юм. 19ЭЗЭН та нарт ихэд уурлан хилэгнэж, та нарыг устгах гэсэнд би айсан. Харин ЭЗЭН тэр үед ч мөн намайг сонссон. 20ЭЗЭН Ааронд ихэд уурлаж, түүнийг хөнөөх гэсэнд би тэр үед ч мөн Аароны төлөө залбирсан. 21Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь бутлаж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан.
22Та нар Табера, Масса, Киброт-хаттаавад байхдаа ЭЗЭНийг бас хилэгнүүлсэн. 23ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа “Та нар явж, Миний та нарт өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэн, Түүнд итгэсэн ч үгүй, Түүний үгийг ч сонсоогүй. 24Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.
25ЭЗЭН та нарыг устгана хэмээн айлдсанаас болж би Түүний өмнө дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтсэн билээ. 26Би ЭЗЭНд залбирсан бөгөөд “Эзэн БУРХАН, Та Өөрийнхөө сүр хүчээр зольсон, хүчирхэг мутраараа Египетээс гаргаж авсан Өөрийн ард түмэн Өөрийн өвийг битгий устгаач. 27Та Өөрийн зарц Абрахам, Исаак, Иаков нарыг санаач. Энэ ард түмний зөрүүд зан, тэдний хорон муу байдал, тэдний нүглийг битгий хараач. 28Эс бөгөөс Таны биднийг гаргаж авсан тэр нутгийнхан «ЭЗЭН тэдэнд амласан газартаа тэднийг аваачих чадваргүй байсан учраас, мөн тэднийг үзэн ядсан учраас Тэр тэднийг цөлд алахаар авчирсан» гэж хэлэх болно. 29Тэд бол Таны агуу их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн.

Одоогоор Сонгогдсон:

ДЭД ХУУЛЬ 9: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү