ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 18

18
1ЭЗЭН Израилийг Египетээс хэрхэн гаргасан ба Бурхан Мосед болон Өөрийн ард түмэн Израильд юу хийснийг бүгдийг нь Мосегийн хадам эцэг, Мидианы тахилч Иетро сонссон. 2Мосегийн хадам эцэг Иетро, Мосегийн явуулсан түүний эхнэр Зиппораг 3болон хоёр хүүг нь авав. Тэдний нэгнийх нь нэрийг Гершом гэдэг аж. Учир нь Мосе
—Би хүний газарт харь хүн болсон гэжээ. 4Нөгөөгийнх нь нэрийг Елиезер гэдэг аж. Учир нь Мосе
—Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ. 5Мосегийн хадам эцэг Иетро, түүний эхнэр, хөвгүүдтэй нь хамт цөлд түүн дээр хүрч ирэв. Тэнд Мосе Бурханы ууланд буудалласан байв. 6Тэр Мосед
—Чиний хадам эцэг Иетро би чиний эхнэр, хоёр хүүтэй чинь хамт чам уруу ирж байна гэж мэдэгдэв. 7Тэгэхэд Мосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийн, түүнийг үнсэв. Тэд амар мэндээ мэдэлцсэний дараа майханд орцгоов. 8Мосе хадам эцэгтээ Израилийн төлөө Фараонд ба египетчүүдэд ЭЗЭНий үйлдсэн бүхнийг болон аян замд тохиолдсон бүх хэцүү бэрхшээлийн тухай, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсан тухай ярив. 9Израилийг египетчүүдийн гараас аврах үед тэдэнд хандсан ЭЗЭНий бүх сайн сайханд Иетро баярлав. 10Тиймээс Иетро
—Та нарыг египетчүүдийн гараас, Фараоны гараас аварч, ард түмнийг египетчүүдийн гар дороос аварсан ЭЗЭН магтагдах болтугай. 11Үргэлж ихэрхдэг тэднийг ялсан учир ЭЗЭН бол бүх бурхдаас илүү агуу юм гэдгийг би одоо мэдлээ гэв. 12Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро Бурханд зориулан шатаалт тахил, өргөлүүдийг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн бүх ахмадуудтай цуг ирэв.
13Дараа өдөр нь Мосе ард түмнийг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов. 14Ард түмний төлөө түүний хийж байгаа бүхнийг Мосегийн хадам эцэг хараад
—Ард түмний төлөө хийж байгаа чиний энэ ажил чинь юу юм бэ? Яагаад бүх ард түмэн өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, чи ганцаараа сууж байна вэ? гэж асуув. 15Мосе хадам эцэгтээ хандан
—Яагаад гэвэл ард түмэн Бурханаас асуухаар над уруу ирдэг. 16Тэд маргаантай бол над уруу ирж, би уг хүн ба түүний хөршийн хоорондохыг шүүн, Бурханы зарлиг болон хуулиудыг мэдүүлдэг гэв. 17Мосегийн хадам эцэг түүнд
—Чиний хийж байгаа зүйл чинь сайн биш юм. 18Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. 19Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир. 20Тэгээд тэдэнд зарлиг болон хуулиудыг зааж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл. 21Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь. 22Тэд ард түмнийг бүхий л цагт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно. 23Хэрэв чи энэ зүйлийг хийж, Бурхан чамд тушаавал, чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ өөрийн нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв.
24Тийнхүү Мосе хадам эцгийнхээ үгийг сонсоод, түүний хэлсэн бүхнийг хийв. 25Мосе бүх Израилиас чадварлаг хүмүүсийг сонгож, мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүлэгчид болгов. 26Тэд бүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвигтай хэргийг тэд Мосед авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүв. 27Дараа нь Мосе хадам эцгээ үдэж явууллаа. Хадам эцэг нь нутаг уруугаа буцав.

Одоогоор Сонгогдсон:

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 18: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү