ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 24
24
1Дараа нь Тэр Мосед
—Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө. 2Зөвхөн Мосе л ЭЗЭНд ойрт. Харин бусад нь ойртох ёсгүй. Ард түмэн ч түүнтэй хамт ирэх ёсгүй гэв. 3Мосе ирж, ЭЗЭНий бүх үгс болон бүх тогтоолуудыг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар
—ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав. 4Мосе ЭЗЭНий бүх үгсийг бичин тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босоод, уулын бэлд Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр баганын хамт тахилын ширээ босголоо. 5Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээн, шатаалт тахилыг, бас залуу бухнуудаар эвийн тахилыг ЭЗЭНд өргөв. 6Мосе цусны хагасыг нь авч, савнуудад хийн, хагасыг нь тахилын ширээн дээгүүр цацав. 7Тэгээд Мосе гэрээний номыг авч, ард түмэнд уншиж сонсгов. Тэд
—ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв. 8Тиймээс Мосе цусыг авч, ард түмний дээгүүр цацан,
—Эдгээр бүх үгсийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цусыг үзэгтүн гэв.
9Дараа нь Мосе Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч, 10Израилийн Бурханыг үзэв. Түүний хөлийн доор нь тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа. 11Гэсэн ч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав.
12ЭЗЭН Мосед
—Чи ууланд гарч, Над уруу ирээд, энд бай. Би чамд чулуун хавтанг хууль ба тушаалын хамт өгье. Тэдгээрийг Би тэдэнд заавар болгон бичсэн юм гэв. 13Тиймээс Мосе өөрийн зарц Иошуатай хамт босож, Бурханы уул уруу гарлаа. 14Харин ахмадуудад хандан тэр
—Биднийг буцаж иртэл та нар энд хүлээж бай. Үзэгтүн, Аарон, Хур нар та нартай хамт байгаа тул хэн нэгэнд ямар нэг хэрэг гарвал тэдэнд ханд гэв. 15Тэгээд Мосе ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв. 16ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр үүлэн дундаас Мосег дуудав. 17Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа. 18Мосе үүлэн дунд орж, уул өөд гарав. Мосе уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.
Одоогоор Сонгогдсон:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 24: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society