ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 28
28
1Надад тахилч болгон үйлчлүүлэхээр Израилийн хөвгүүдийн дундаас өөрийн ах Аарон ба түүний хөвгүүд болох Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг хамтад нь өөрийнхөө дэргэд байлгагтун. 2Өөрийн ах Аароны алдар ба үзэсгэлэнд зориулан ариун хувцас хий. 3Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд, түүнийг ариусгахаар хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн бүх уран хүмүүст хандаж өгүүлэгтүн. 4Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, малгай ба бүс болно. Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд тэд чиний ахад болон түүний хөвгүүдэд ариун хувцас хийх ёстой. 5Тэд алт ба хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг аваг.
6Тэд бас алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалингаар уран хүний урлал болох ефод хийгтүн. 7Ефод нь холбогдсон байхын тулд түүний хоёр үзүүртэй холбоотой хоёр мөрөвч байх ёстой. 8Ефодын дээрх уран нэхсэн бүс нь алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгдсэн байх ёстой. 9Чи хоёр оникс чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн. 10Тэдний төрсөн дарааллаар нь нэг чулуун дээр зургаан нэр, нөгөө чулуун дээр үлдсэн зургаан нэрийг сийл. 11Үнэт чулуу засагч хүн тамга сийлэхтэй адил, чи Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу хоёр чулууг сийлэн, алтан хүрээтэй сууринд суулгагтун. 12Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдэд дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр хадах бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ. 13Чи алтан хүрээтэй суурь хий. 14Мөн шижир алтан хоёр гинж сүлжин хийж, хүрээтэй суурин дээр тогтоо.
15Чи уран хүний урлал болох шүүхийн цээживчийг хий. Үүнийг чи ефодыг хийсний адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар үйлдэгтүн. 16Тэр нь нэг сөөм урт, нэг сөөм өргөн дөрвөлжин бөгөөд хоёр давхарласан байна. 17Түүний дээр чи дөрвөн эгнээгээр чулуун шигтгээ хий. Нэг дэх эгнээнд бадмаараг, молор, маргад, 18хоёр дахь эгнээнд оюу, индранил, очир алмааз, 19гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам, ягаан болор, 20дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байна. Эдгээрийг алтан хүрээн дотор суулгах ёстой. 21Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу буюу тэдний нэрсийн дагуу арван хоёр байх ёстой. Арван хоёр овгийн нэг бүрийг чулуу тус бүр дээр тамга мэт сийлнэ. 22Чи цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг гинж хий. 23Цээживчин дээр хоёр алтан цагираг хийж, цээживчний хоёр үзүүрт холбогтун. 24Хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр цагирагт холбо. 25Хоёр оосрын нөгөө үзүүрүүдийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбо. 26Чи хоёр алтан цагираг хийж, тэдгээрийг ефодын дотор тал уруу харсан цээживчний хоёр өнцгийн ирмэгт хад. 27Хоёр алтан цагираг хийж, ефодын өмнө талд хоёр мөрөвчнийх нь доор, залгаасны ойролцоо ефодын уран нэхсэн бүсний дээд талд хад. 28Тэд цээживчний цагиргийг ефодын цагирагтай хөх оосроор холбог. Ингэснээр цээживч нь ефодын уран нэхсэн бүсний дээр байж, ефодоос салахгүй юм. 29Аарон ариун газарт орохдоо Израилийн хөвгүүдийн нэрсийг ЭЗЭНий өмнө мөнхийн дурсгал болгон шүүхийн цээживчинд зүрхэн дээрээ авч явах ёстой. 30Шүүхийн цээживчин дотор Урим ба Туммимийг хий. Аароныг ЭЗЭНий өмнө ороход тэдгээр нь түүний зүрхэн дээр байх болно. Израилийн хөвгүүдийн шүүлтийг Аарон зүрхэндээ ЭЗЭНий өмнө үргэлж авч явах болно.
31Чи ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр үйлд. 32Түүний оройн хэсгийн голд амсар гарга. Амсрыг урагдуулахгүйн тулд хөө хуягны амсар шиг тойруулан сүлжиж захал. 33Түүний хормойг тойруулан хөх, ягаан болон час улаан материалаар анаруудыг хийж, тэдгээрийн хооронд алтан хонхнуудыг тойруулан хий. 34Нөмрөгийн хормойд, эргэн тойронд нь алтан хонх, анар, алтан хонх, анар байхаар хийгтүн. 35Аароныг үйлчлэх үед үүнийг өмсгөсөн байх бөгөөд тэр үхэхгүйн тулд ЭЗЭНий өмнө ариун газарт орж гарахад хонхны жингэнэх нь сонсогдоно.
36Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамганы сийлбэр шиг “ЭЗЭНд ариун” гэж сийлэгтүн. 37Түүнийг малгайн дээр урд талд нь байлгахын тулд хөх уяагаар бэхлэгтүн. 38Тэр нь Аароны духан дээр байна. Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлэгтэй холбоотой ариусгагдсан ариун юмсын гэм бурууг Аарон үүрэх болно. Тэд ЭЗЭНий өмнө хүлээн авахуулахын тулд энэ нь үргэлж түүний духан дээр байх ёстой. 39Чи нарийн маалинга нэхэн өнгө алагласан дотуур дээл болон нарийн маалинган малгай хий. Чи нэхмэлчний бүтээл болох бүсийг хий.
40Аароны хөвгүүдийн алдар ба үзэсгэлэнд зориулан дотуур дээл, бүс болон малгай хийгтүн. 41Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун. 42Нүцгэн биеийг нь халхлах маалинган дотуур өмдийг тэдэнд хий. Тэр дотуур өмд нь ууцнаас гуя хүртэл хүрэх ёстой. 43Аарон ба түүний хөвгүүд хурлын майханд орохдоо, эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд хүрч очихдоо гэм нүгэлд унан үхэхгүйн тулд тэдгээр хувцсыг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний хойч үр удамд үүрд мөнхийн тогтоол байх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 28: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society