ЕЗЕКИЕЛ 32

32
1Арван хоёр дахь жилийн арван хоёрдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,
2Хүний хүү, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан, тэдэнд
“Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан.
Гэтэл чи далайн мангастай адил юм.
Чи голууд дотроо хага яран, хөлөөрөө усыг булингартуулж,
тэдний голуудыг бохиртуулав” гэж хэл.
3Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
«Одоо Би олон ард түмнүүдийн чуулгантай хамт чиний дээр Өөрийн торыг хаяж,
тэд чамайг Миний тороор дээш татах болно.
4Би чамайг газарт хаяж, хээр тал уруу хөөнө.
Би тэнгэрийн бүх шувуудыг чам дээр оршоон,
бүх газрын араатнуудыг чамаар цатгах болно.
5Чиний махан биеийг уулсын дээр тавьж,
чиний баасаар хөндийнүүдийг дүүргэх болно.
6Уулсад тултал нь Би бас чамаас гоожсон цусыг газарт уулгах болно.
Жалганууд ч чамаар дүүрэх болно.
7Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө.
Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.
8Огторгуй дахь гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож,
чиний газарт харанхуйг тогтоох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
9«Би бас үндэстнүүдийн дунд, чиний үл мэдэх улсууд уруу чиний сүйрлийг аваачих үед олон ард түмнүүдийн зүрхийг зовоох болно. 10Би олон ард түмнүүдийг чамайг харж балмагдуулна. Тэдний өмнө Өөрийнхөө илдийг далайх үед тэдний хаад нь ч чамаас ихэд айна. Чамайг унах өдөрт хүн бүр өөрийнхөө амийн төлөө, тэд мөч бүрд чичрэх болно».
11Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Вавилоны хааны илд нь чам дээр бууна. 12Хүчтэнүүдийн илдээр Би чиний олон түмнийг унагах болно. Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс нь билээ.
Тэд Египетийн бахархлыг сүйтгэж,
түүний хамаг ард олон нь устгагдах болно.
13Би бас түүний хамаг үхэр сүргийг их усны дэргэдээс устгах болно.
Хүний хөл нь усыг дахин үл булингартуулна.
14Тэгээд Би тэдний уснуудыг тогтуун болгож,
голуудыг нь тос мэт урсгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
15«Би Египетийн нутгийг хоосруулж,
дүүргэгдэж байсан юмсаараа газар ядуурахад,
тэнд амьдардаг бүхнийг устгах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
16Энэ бол гашуудал бөгөөд тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет болон түүний хамаг олон түмний төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
17Арван хоёр дахь жилийн тэр сарын арван таванд ЭЗЭНий үг надад ирж,
18«Хүний хүү, Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг болон хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.
19“Чи үзэсгэлэнгээрээ хэнээс давуу вэ?
Доош явж, хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт ороо зас”.
20Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан юм. Тэд түүнийг болон түүний бүх олон түмнийг аваад явсан. 21Хүчтэнүүдийн дотроос хүчтэн нь тэр улс ба түүний туслагчдын тухай Үхэгсдийн орны дундаас ярьж, “Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна”.
22Ассири болон түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ. 23Тэдний булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт байгаа бөгөөд хамтрагчид нь түүний булшны эргэн тойронд байна. Амьдын газарт айдсыг тараагчид болох тэд бүгд алагдаж, илдэнд унасан байна.
24Елам тэнд байгаа бөгөөд түүний хамаг олон түмэн нь түүний булшны эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан, хөвч хөндүүлээгүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн. 25Тэд түүнд зориулан түүний бүх олон түмэнтэй хамт алагдагсдын хооронд ор зассан. Түүний булшнууд үүнийг тойрон байна. Тэд бүгд хөвч хөндүүлээгүй бөгөөд илдэнд алагдсан. Хэдийгээр тэд амьдын газарт айдсыг төрүүлсэн боловч тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн. Тэд алагдагсдын хооронд тавигдав.
26Мешех, Тубал ба тэдний бүх олон түмэн нь тэнд байгаа. Булшнууд нь тэднийг хүрээлж байна. Тэд бүгд хэдийгээр амьдын газарт айдсыг төрүүлж байсан ч илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүс билээ. 27Дайтах зэвсэгтэйгээ Үхэгсдийн орон уруу явсан толгойнх нь дор илднүүдээ дэрлэж, хөвч хөндүүлээгүй унасан баатруудын дэргэд ч тэд хэвтээгүй юм. Харин хэдийгээр нэгэн цагт эдгээр баатруудын аймшиг нь амьдын газарт байсан ч, тэдний хууль бус явдлын шийтгэл нь тэдний ясан дээр тавигдсан буй. 28Гэвч хөвч хөндүүлээгүй хүмүүсийн дунд чи хэмхчүүлж, илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно.
29Тэнд бас Едом ба түүний хаад, хамаг ноёд нь байна. Тэд өөрсдийн бүх чадлын төлөө илдэнд алагдагсадтай хамт хэвтүүлэгдсэн. Тэд хөвч хөндүүлээгүй хүмүүстэй болон нүхэнд орогсодтой хамт хэвтэх болно.
30Тэнд бас умардын тэргүүнүүд бүгдээрээ болон өөрсдийнхөө чадлаас гарсан аймшгийг үл хайхран, ичгүүр дотор алагдагсадтай хамт доошоо буусан бүх сидончууд байна. Тийнхүү тэд хөвч хөндүүлээгүй хүмүүс бөгөөд илдэнд алагдагсадтай хамт хэвтэж, нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн юм.
31Фараон тэдгээрийг хараад, илдэнд алагдсан өөрийн хамаг олон түмэн, бүр Фараон болон бүх цэргүүдийнхээ төлөө тайвшруулагдах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 32«Хэдийгээр Би амьдын газарт түүнээс айх аймшгийг төрүүлсэн ч, тэрээр Фараон болон түүний хамаг олон түмэн нь хөвч хөндүүлээгүй хүмүүсийн хооронд илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Одоогоор Сонгогдсон:

ЕЗЕКИЕЛ 32: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү