ЕЗЕКИЕЛ 4

4
1Одоо хүний хүү чи өөртөө нэг тоосго авч, өөрийнхөө өмнө тавиад, түүн дээр нэгэн хотыг, Иерусалимыг сийлэгтүн. 2Тэгээд түүний эсрэг бүслэлтийг байгуулж, бүслэх ханыг барьж, овоог босгон, хуарангуудыг байгуулж, түүнийг тойруулаад хэрэм эвдэгчийг байрлуул. 3Дараа нь төмөр тавгийг авч, түүнийг хот ба өөрийнхөө хооронд төмөр хэрэм мэт босгож, энэ хотыг бүсэлж, түүнийг хүрээлж буйтай адил нүүрээ түүн уруу хандуул. Энэ бол Израилийн гэрт өгөх тэмдэг юм.
4Чиний хувьд гэвэл, зүүн талаараа хэвтэж, Израилийн гэрийн гэм бурууг тэр тал дээр тавь. Чиний хажуулдан хэвтэх хоногийн тоогоор чи тэдний гэм бурууг үүрэх болно. 5Учир нь тэдний гэм буруугийн жилүүдэд дүйцүүлэн гурван зуун ерэн хоногийг буюу хоногуудын тоог Би чамд товлосон. Ийнхүү чи Израилийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой. 6Чи үүнийг дуусгасан үедээ хоёр дахь удаагаа, баруун талаараа хэвтэж, Иудагийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой. Би нэг жилийг нэг хоног болгон, чамд дөчин хоногийг товлосон. 7Тэгээд чи Иерусалимын бүслэлт уруу нүүрээ хандуулж, нүцгэн гараа сунган, түүний эсрэг эш үзүүл. 8Одоо харагтун. Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө уруугаа эргэж чадахгүй болно.
9Гэвч чиний хувьд гэвэл, улаан буудай, арвай, вандуй, зарам, хар будаа ба шар будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи түүнийг хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш идэх ёстой. 10Чиний идэх хүнс нь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг цагаас цагт идэх ёстой. 11Чиний уух ус нь хэмжээгээрээ хинийн зургааны нэг байж, чи түүнийг цагаас цагт уух ёстой. 12Чи үүнийг арвайн талх мэт болгож, тэдний нүдний өмнө хүний баасаар шарж ид гэв. 13Тэгээд ЭЗЭН
—Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилийн хөвгүүд өөрсдийн бузар талхыг идэх болно гэж айлдав. 14Гэвч би
—Өө Эзэн БУРХАН. Харагтун, би хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эхлэн эдүгээ хүртэл хүүр, эсвэл араатанд тастчуулсан сэгийг хэзээ ч идсэнгүй. Мөн бузар ямар ч мах миний аманд ороогүй гэв. 15Тэгээд Тэр надад
—Хар, би чамд хүний баасны оронд үхрийн аргалыг өгье. Чи түүгээр өөрийн талхыг бэлдэгтүн гэв. 16Түүнээс гадна, Тэр надад
—Хүний хүү, харагтун. Би Иерусалимд талхны нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж айдастайгаар уух болно. 17Учир нь талх, ус хомс болно. Тэд бие биеэ хирдхийлгэсэн, өөрсдийн гэм буруу дотроо турж эцсэн байх болно.

Одоогоор Сонгогдсон:

ЕЗЕКИЕЛ 4: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү