ГАЛАТ 5

5
1Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
2Харагтун. Хэрэв та нар хөвч хөндөх ёслолыг хүлээн авбал, Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна. 3Хөвч хөндөх ёслолыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бол бүх Хуулийг биелүүлэх өртөн мөн. 4Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс тусгаарлагдсан ажээ. Та нар нигүүлслээс салан унажээ. 5Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна. 6Христ Есүс дотор хөвч хөндүүлэх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь ямар ч ашиг тусгүй. Харин хайраар дамжуулан ажиллаж буй итгэл л чухал юм.
7Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ? 8Та нарыг дууддаг Түүнээс энэ үзэл бодол ирээгүй. 9Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг. 10Та нарыг өөр юуг ч бодохгүй гэдэгт би Эзэн дотор та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно. 11Гэвч ах дүү нар аа, хэрэв би хөвч хөндөх ёслолыг тунхагласаар байвал юунд би мөшгөгдөн хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэх саад нь алга болсон хэрэг. 12Хэрэв болдогсон бол та нарыг үймүүлэгчид өөрсдийгөө агтлаасай.
13Ах дүү нар аа, та нар эрх чөлөө уруу дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил. 14Учир нь Хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь мөн. 15Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол, та нар бие биеэ хөнөөх вий гэж болгоомжлогтун.
16Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. 17Учир нь махан бие Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм. Яагаад гэвэл хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махан бие ба Сүнс нь нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. 18Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол Хуулийн дор байхгүй байна. 19Эдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар байдал, тачаангуй байдал, 20шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, 21атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.
22Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, 23дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм. 24Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ. 25Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая. 26Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.

Одоогоор Сонгогдсон:

ГАЛАТ 5: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү