ЭХЛЭЛ 20
20
1Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшин, дараа нь Герарт түр зуур буудаллав. 2Тэр үедээ Абрахам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учир Герарын хаан Абимелех хүн илгээж, Сараг авчээ. 3Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь
—Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв. 4Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байсан тул
—Эзэн минь ээ! Та гэмгүй үндэстнийг хүртэл устгах гэж үү? 5Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг үнэнч шударга сэтгэл, гэмгүй цэвэр гараараа үйлдсэн билээ гэв. 6Бурхан түүнд зүүдэнд нь
—Тийм ээ, чи үүнийг шударга үнэнч сэтгэлээр үйлдсэнийг Би мэднэ. Би мөн чамайг Өөрийн эсрэг гэм хийлгээгүй. Тийм учраас Би чамайг түүнтэй ойртуулаагүй юм. 7Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьдрах болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.
8Абимелех өглөө эрт босоод хамаг шадар түшмэдээ дуудаж, тэдэнд энэ зүйлийг бүгдийг хэлсэнд тэд ихэд айв. 9Абимелех Абрахамыг дуудаж
—Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар гэм хийсэн гэж чи намайг болон миний хаант улсыг их гэм нүгэлд унагах гэсэн юм бэ? Чи надад хийх ёсгүй юмыг хийлээ гэв. 10Абимелех Абрахамд бас
—Чи ямар учраас ингэсэн бэ? гэв. 11Абрахам
—Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ. 12Тэгээд ч Сара нь үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин, харин миний ээжээс төрөөгүй, тэгээд тэр миний эхнэр болсон. 13Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүчлүүлэхэд би түүнд “Бидний очсон газар бүрд чи намайг «Энэ миний ах» гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх энэрэл хайр мөн” гэж хэлсэн юм гэв. 14Абимелех хонь, үхэр, эрэгтэй, эмэгтэй зарц нарыг авч Абрахамд өгчээ. Бас түүний эхнэр Сараг ч түүнд буцаан явуулжээ. 15Абимелех
—Харагтун, миний газар нутаг чиний өмнө байна. Чи хаа дуртай газартаа амьдар гэв. 16Тэр бас Сарад
—Харагтун, би чиний ахад мянган шекел мөнгө өглөө. Үүгээр чамтай хамт байгаа бүх хүний өмнө чиний ичгүүр цагаатгагдаж байна. Мөн бүх хүмүүсийн өмнө гэмгүй байсан чинь батлагдлаа гэв. 17Абрахам Бурханд залбирсанд Бурхан Абимелех болон түүний эхнэр, шивэгчин нарыг эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ. 18Учир нь ЭЗЭН Абрахамын эхнэр Сарагаас болж Абимелехийн гэр бүлийнхний бүх умайг хаасан байлаа.
Одоогоор Сонгогдсон:
ЭХЛЭЛ 20: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society