ЭХЛЭЛ 42

42
1Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж,
—Та нар яагаад бие биеэ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв. 2Иаков бас
—Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж авчир! Тэгвэл бид амьд үлдэж, үхэхгүй гэв. 3Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав. 4Иаков Иосефын дүү Бениаминыг ах нартай нь хамт явуулсангүй. Учир нь “Түүнд гай тохиолдохоос айж байна” гэж тэрээр хэлсэн юм. 5Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа авахаар ирсэн хүмүүсийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ. 6Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв. 7Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг
—Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд
—Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.
8Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй. 9Иосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж
—Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна гэж тэдэнд хэлсэнд 10тэд түүнд хандан
—Үгүй, эзэн минь! Таны зарц бид хоол хүнс авахаар л ирцгээлээ. 11Бид бүгд нэгэн эцгийн хүүхдүүд. Бид үнэнч шударга улс. Таны зарц бид туршуул биш гэсэнд 12Иосеф тэдэнд
—Үгүй. Та нар дэл сул газар хайж ирсэн байна гэж хэлэв. 13Тэд
—Таны зарц бид бол Канаан нутгийн нэг эцгийн хүүхдүүд бөгөөд ах дүү арван хоёулаа. Хамгийн отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв. 14Иосеф тэдэнд
—Та нарыг туршуулууд гэж хэлсэн үг минь энэ. 15Та нарыг ийм нэг зүйлээр сорьж үзье. Фараоны амийг барьж хэлье. Та нарын отгон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй. 16Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараоны амийг барьж тангараглая. Хэрэв тийм биш байвал та нар лавтайяа туршуул мөн байна гэв. 17Тэгээд Иосеф тэднийг бүгдийг хамтад нь гурван хоног хорив.
18Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж
—Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа. 19Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг шоронд үлдээгээд, бусад нь явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс хүргэж өг. 20Тэгээд отгон дүүгээ над уруу аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор хийжээ. 21Тэд
—Бид дүүгийнхээ явдлаас болж үнэхээр гэмтэн болцгоолоо. Түүнийг биднээс гуйхад нь сэтгэлийн зовлонг нь бид харсан хэдий ч, үгийг нь сонсоогүй учир тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав. 22Реубен бусдадаа
—Тэр хүүхдэд битгий гэм хий гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Тиймээс одоо бид түүний цусны үнэ өртгийг төлөх болж байна хэмээн хэлжээ. 23Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдсэнгүй. 24Иосеф тэднийг орхин гарч, уйлаад, дахин эргэн ирж, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж аваад, тэдний нүдний өмнө хүлж орхив.
25Иосеф тэдний шуудайд үр тариа дүүргэж, хүн бүрийн өгсөн мөнгийг уутнуудад нь буцааж хийлгэн, тэдэнд замын хүнс өгөхийг тушаажээ. Түүнийг нь ёсоор болгов. 26Тэгээд тэд үр тариагаа илжгэндээ ачаад, тэндээс хөдөлцгөөв. 27Нэг нь буудалласан газартаа илжгэндээ тэжээл өгөхөөр уутныхаа амыг нээтэл уутных нь аман дээр өөрийнх нь мөнгө байхыг хараад, 28ах дүү нартаа хандаж,
—Миний мөнгийг буцааж өгсөн байна. Хараач! Миний уутанд байна гэсэнд хүн бүр айн чичирч, зүрх нь цохилон бие биедээ
—Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ? гэцгээв.
29Тэд Канаан нутагт буцаж, эцэг Иаковындаа хүрч ирээд, өөрсдөдөө учирсан бүхнийг ярьж өгөв.
30Тэр нутгийн эзэн нөгөө хүн бидэнд ширүүн хандаж, биднийг тэр улсын туршуул гэж хардсанд 31бид түүнд хандан “Бид бол үнэнч шударга хүмүүс. Бид туршуул биш. 32Бид нэг эцгийн хөвгүүд, ах дүүс арван хоёулаа юм. Нэг нь алга болсон, отгон дүү маань өнөөдөр Канаан нутагт аавтайгаа хамт байгаа” гэсэнд 33тэр нутгийн эзэн тэр хүн бидэнд “Та нарын үнэнч шударга хүмүүс гэдгийг би ингэж мэдье. Та нар ах дүү нараасаа нэгийг нь надтай орхиж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс аваачиж өгөөд, 34отгон дүүгээ надад авчир. Тэгвэл би та нарыг туршуул биш, үнэнч шударга хүмүүс гэдгийг чинь мэдээд, ах дүүг чинь та нарт буцааж өгнө. Бас та нар энэ газар худалдаа наймаа хийж болно” гэж хэлэв.
35Тэгээд тэднийг өөрсдийнхөө уутыг суллахад хүн бүрийн боодолтой мөнгө нь уутан дотроо байлаа. Тэд боодолтой мөнгөө эцгийнхээ хамт хараад, бүгдээрээ айцгаажээ. 36Иаков эцэг нь тэдэнд хандаж
—Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь миний эсрэг хэрэг байна гэв. 37Тэгтэл Реубен эцэгтээ хандаж
—Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг алаарай. Түүнийг миний гарт даатгаарай. Би түүнийг танд буцааж авчирна гэсэнд 38Иаков
—Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу гашуудалтайгаар үдэх болно гэв.

Одоогоор Сонгогдсон:

ЭХЛЭЛ 42: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү