ЭХЛЭЛ 48
48
1Түүнээс хойно нэгэн хүн Иосефт
—Эцэг тань өвчтэй байна гэж хэлсэнд тэрээр Манассе, Ефраим хоёр хүүгээ аваад очив.
— 2Таны хүү Иосеф тан дээр хүрч ирлээ гэж нэг нь Иаковт хэлэхэд Израиль бүх хүчээ гарган орон дээрээ өндийж суув. 3Иаков Иосефт хандаж
—Төгс хүчит Бурхан Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, ерөөсөн билээ. 4Тэрээр надад “Би чамайг өнөр өтгөн болгож үржүүлнэ. Би чамаас олон үндэстэн бий болгож, энэ газрыг чиний үр хүүхдүүдэд үүрдийн өмч болгон өгнө” гэж хэлсэн. 5Намайг Египетэд чам дээр очихын өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно. 6Тэдний дараа чамаас төрсөн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно. 7Намайг Падданаас ирэх үед, Ефрат хүрэхийн өмнөхөн Канаан нутагт зам зууртаа Рахел нас барсан бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. (Ефрат бол одоогийн Бетлехем).
8Израиль Иосефын хөвгүүдийг хараад,
—Эд нар чинь хэн бэ? гэсэнд 9Иосеф
—Эд нар бол энд Бурханаас надад хайрласан миний хөвгүүд гэж эцэгтээ хэлэв. Эцэг нь
—Одоо тэднийг над дээр авчир! Би тэднийг ерөөе! гэлээ. 10Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ дагуулан, эцэгтээ хүрч очиход тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв. 11Тэгээд Иосефт хандаж
—Би чиний царайг харна гэж хэзээ ч бодоогүй. Гэтэл Бурхан чиний хүүхдүүдийг ч бас надад харууллаа гэв. 12Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ холдуулаад, газарт сөгдөн мөргөв. 13Иосеф хоёр хүүгээ аваад, Ефраимыг өөрийнхөө баруун гараар Израилийн зүүн гар талд Манассег өөрийнхөө зүүн гараар Израилийн баруун гар талд гарган, эцэг уруугаа дагуулан түүнд дөхөж очив. 14Израиль баруун гараа сунган, бага хүү Ефраимын толгой дээр тавьж, Манассе нь хэдийгээр том хүү нь боловч түүний толгой дээр зүүн гараа зөрүүлэн тавьжээ. 15Тэрээр Иосефыг ерөөгөөд
—Миний өвөг эцэг Абрахам,
Төрсөн эцэг Исаак хоёртой алхаж байсан Бурхан,
Бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн Бурхан,
16Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элч
Энэ хүүхдүүдийг ерөөж,
Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам
Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж,
Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв.
17Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсныг Иосеф хараад, сэтгэлд нь нийцээгүй тул эцгийнхээ баруун гарыг, Ефраимын толгой дээрээс авч, Манассегийн толгой дээр тавих гэв. 18Тэгээд эцэгтээ хандаж
—Энэ биш ээ, аав аа! Энэ нь ууган хүү, та баруун гараа түүний толгой дээр тавина уу? гэсэнд 19эцэг нь татгалзаж,
—Би мэдэж байна, хүү минь. Би мэдэж байна. Тэр бас нэгэн овог болж, агуу их болно. Харин дүү нь түүнээс ч илүү агуу их болж, үр удам нь олон үндэстэн болно гэж хэлэв. 20Тэгээд тэр өдөртөө тэднийг ерөөгөөд
—Израильчууд та нарын нэрийг барьж
“Бурхан та нарыг Ефраим шиг,
Манассе шиг болгох болтугай!” хэмээн ерөөх болно
гээд Ефраимыг Манассегаас дээгүүр тавив.
21Израиль Иосефт хандаж
—Үхэх цаг минь боллоо. Харин Бурхан та нартай хамт байж, та нарыг өвөг дээдсийн тань газар уруу буцаах болно. 22Би чамд ах нарт чинь өгснөөсөө нэг хувь илүүг өгнө. Үүнийг би аморичуудаас илд, нумаараа булаан авсан юм гэв.
Одоогоор Сонгогдсон:
ЭХЛЭЛ 48: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society