ХАГГАИ 1

1
1Дариус хааны хоёр дахь жилийн зургадугаар сарын эхний өдөр ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ирж, айлдсан нь
2Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ ард түмэн «Цаг нь болоогүй. ЭЗЭНий өргөөг барих цаг нь ч болоогүй» гэдэг”. 3Тэгээд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан ирж айлдсан нь
4Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад гоёмсог гэртээ суух нь та нарын хувьд цаг нь мөн гэж үү? 5Иймээс одоо, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
—Өөрсдийн зам мөрөө хянагтун! 6Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.
7Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
—Өөрсдийн зам мөрөө хянагтун! 8Уул өөд явж, мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл Би үүнийг чинь таашаан, алдаршуулагдах юм гэж ЭЗЭН айлдаж байна.
9Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад? Түмэн цэргийн ЭЗЭН тунхаглах нь
—Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна. 10Тэгэхээр та нараас болж, тэнгэр шүүдрээ татаж, газар үр шимээ зогсоосон. 11Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв.
12Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа нар үлдсэн бүх ард түмнийхээ хамт өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолой ба Түүний илгээсэн эш үзүүлэгч Хаггаин үгийг дуулгавартай дагасан. Ард түмэн ЭЗЭНээс эмээв. 13Тэгээд ЭЗЭНий элч Хаггаи ЭЗЭНий захиасыг ард түмэнд дамжуулан
—“Би та нартай хамт байдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв. 14Ингээд ЭЗЭН Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабелын сэтгэлийг, тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуагийн сэтгэлийг ба үлдсэн бүх ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд ирж, өөрсдийн Бурхан түмэн цэргийн ЭЗЭНий өргөөн дээр ажилласан. 15Энэ нь Дариус хааны хоёр дахь жилийн зургадугаар сарын хорин дөрвөнд болжээ.

Одоогоор Сонгогдсон:

ХАГГАИ 1: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү