ЕВРЕЙ 7

7
1Учир нь энэ Мелхизедек бол Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм. 2Абрахам ч бүх олзныхоо аравны нэгийг түүнд таслан өгчээ. Түүний нэрийг орчуулбал эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Энх тайвны хаан” авай. 3Тэр эцэггүй, эхгүй, угийн бичиггүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ.
4Өвөг Абрахам олзныхоо дээжээс аравны нэгийг түүнд өгсөн. Тэр хүн ямар агуу байсныг харагтун. 5Тахилчийн үүргийг хүлээн авдаг Левийн хөвгүүд өөрсдийн ах дүү нараас буюу Абрахамын удмаас гаралтай хүмүүсээс аравны нэгийг цуглуулах Хуулийн тушаалтай ажээ. 6Харин тэр тэдний угийн бичгийнх биш боловч Абрахамаас аравны нэгийг хураасан бөгөөд амлалттай нэгнийг ерөөв. 7Гэтэл ямар ч маргаангүйгээр бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг юм. 8Энэ нөхцөлд үхэх хүмүүс аравны нэгийг авдаг юм бол, тэр нөхцөлд амьд гэж гэрчлэгдсэн нь авдаг байна. 9Аравны нэгийг хүлээн авагч Леви хүртэл Абрахамаар дамжуулан аравны нэгийг өгсөн гэж хэлж болох юм. 10Учир нь Абрахам Мелхизедектэй уулзах үед Леви эцгийнхээ ууцанд байсаар байв.
11Хэрэв төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст Хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов? 12Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог ажгуу. 13Учир нь өөрийнх нь талаар эдгээр зүйлс яригдаж буй тэр хүн өөр овогт харьяалагдсан бөгөөд тэр овгоос хэн ч тахилын ширээнд үүрэг гүйцэтгээгүй юм. 14Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй. 15Хэрэв Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирсэн юм бол энэ нь улам ч тодорхой юм. 16Тэрээр махан биед хамаатай тушаалын хуулийн үндсэн дээр бус, харин мөхөшгүй амийн хүчээр гарч ирсэн юм. 17Учир нь
“Чи бол Мелхизедекийн хэргэмийн дагуу
Мөнхийн Тахилч юм”
гэж гэрчилсэн байна. 18Учир нь нэг талаар урьдын тушаалыг хүчгүй ба ашиггүй байдлаас нь болж хүчингүй болгож буй бөгөөд 19(учир нь Хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, энэхүү найдвараар дамжуулан бид Бурханд ойртдог.
20Андгайгүй биш тул, 21(үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь
“Эзэн тангарагласан бөгөөд
Өөрийн санаагаа өөрчлөхгүй.
Чи үүрд Тахилч байна”
гэж айлдсан Нэгэний андгайгаар болсон юм) 22тийнхүү Есүс илүү сайн гэрээний батлан даагч болов. 23Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо оршиж байсан. Яагаад гэвэл, тэднийг ажлаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болжээ. 24Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул Өөрийн тахилчийн үүргийг байнга барьдаг. 25Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.
26Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн Тахилч байх нь зохистой байв. 27Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Учир нь Тэр Өөрийгөө нэг удаа бүгдийн төлөө тахил болгон өргөхдөө үүнийг хийжээ. 28Учир нь Хууль мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол, харин Хуулийн дараа ирсэн андгайн үг нь мөнхөд төгс болгогдсон Хүүг томилдог билээ.

Одоогоор Сонгогдсон:

ЕВРЕЙ 7: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү