ХОСЕА 9
9
1Израиль аа, та нар ард түмнүүдийн адил хөөр баярт бүү баяс!
Учир нь чи өөрийн Бурханаа орхин завхайрсан.
Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.
2Үтрэм, дарс шахагч нь тэднийг тэжээхгүй бөгөөд шинэ дарс тэдэнд хүрэхгүй.
3Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй.
Харин Ефраим нь Египет уруу буцан явж,
Ассирид тэд бузар хоол идэх болно.
4Тэд ЭЗЭНд зориулж ундаан өргөлийг цутгахгүй ба тэдний тахилууд нь Түүнд таалагдахгүй.
Тэдний талх нь гашуудагсдын талх мэт байх бөгөөд
түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно.
Учир нь тэдний талх нь зөвхөн өөрсдийнх нь төлөө байх бөгөөд ЭЗЭНий гэрт орохгүй.
5Товлогдсон наадмууд ба ЭЗЭНий найрын өдөрт та нар юу хийх вэ?
6Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно.
Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна.
Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч,
тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.
7Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ.
Үүнийг Израильд мэдүүл!
Та нарын хууль бус явдлын балиараас,
та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг,
сүнслэг хүн нь галзуу болжээ.
8Ефраим нь миний Бурхантай хамт харуул ба эш үзүүлэгч байсан.
Гэвч шувуу баригчийн урхи нь түүний бүх замууд дээр байх бөгөөд
түүний Бурханы гэрт зөвхөн дайсагнал байна.
9Гибеагийн өдрүүдийнхтэй адил тэд завхралд гүн оржээ.
Тэр тэдний хууль бус явдлыг санаж, тэдний нүглүүдийг шийтгэх болно.
10Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон.
Би та нарын өвөг дээдсийг анхны улирал дахь инжрийн модон дээрх анхны жимс мэт харсан.
Гэвч тэд Баал-пеорт ирж, өөрсдийгөө ичгүүрт зориулж,
хайрласан юмс шигээ жигшүүртэй болжээ.
11Ефраимын хувьд гэвэл, тэдний яруу алдар нь шувуу мэт нисэн одох болж,
Төрөлт ч үгүй, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно!
12Тэд өөрсдийн хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана.
Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэдэнд гай зовлон учраг!
13Миний харснаар Ефраим нь Тиртэй адил үзэсгэлэнт нугад суулгагдсан билээ.
Гэвч Ефраим нь хүүхдүүдээ алуурчинд гарган өгнө.
14ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч.
Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч.
15Тэдний бүх бузар муу нь Гилгалд байна.
Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ!
Тэдний үйлсийн хорон муугаас болж Би тэднийг Өөрийн гэрээс хөөн гаргана.
Би тэднийг цаашид хайрлахгүй.
Тэдний бүх ноёд нь тэрслэгчид билээ.
16Ефраим нь цавчигдсан.
Тэдний үндэс нь хувхайрсан бөгөөд тэд ямар ч жимс гаргахгүй.
Тэд үр хүүхэд тээх боловч, Би тэдний хэвлийн үнэт нэгнүүдийг алах болно.
17Миний Бурхан тэднийг зайлуулах болсны учир нь тэд Түүнийг сонсоогүй юм.
Тэд үндэстнүүдийн дунд тэнүүчлэгчид байх болно.
Одоогоор Сонгогдсон:
ХОСЕА 9: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society