ИСАИА 10
10
1Шударга бус тогтоолыг тогтоож,
зөв бус шийдвэр бичигчид нь гаслантай яа!
2Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж,
Миний ард түмний үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулдаг.
Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн олз болгон,
өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.
3Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ?
Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ?
Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?
4Олзлогсдын дунд бөхийн,
алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй.
Энэ бүхнээс үл хамааран,
Түүний уур хилэн эргэхгүй,
Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
5Миний уур хилэнгийн таяг болох Ассири гаслантай яа!
Гарт буй саваа бол Миний зэвүүцэл юм.
6Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг,
Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж,
дээрэмдсэн зүйлийг олзлон,
тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.
7Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй,
зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч,
олон үндэстнийг тастчин устгах нь түүний зүрх сэтгэл дэх зорилго юм.
8Учир нь тэр ингэж хэлж байна.
“Миний ноёд бүгдээрээ хаад биш үү?
9Кално нь Кархемиш шиг,
Хамат нь Арпад шиг,
Самари нь Дамаск шиг биш үү?
10Миний мутар нь шүтээнүүдийн хаанчлалуудад хүрсний адил,
(тэдний сийлмэл хөргүүд нь Иерусалим болоод Самарийнхаас ч илүү агуу)
11Би Самари болоод шүтээнүүдэд нь хэрхэн хандсан шигээ
Иерусалим болон түүний хөргүүдэд хандах биш үү?”
12Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ” гэж айлдана.
13Учир нь тэр “Би өөрийн гарын хүчээр болон мэргэн ухаанаараа үүнийг хийсэн.
Учир нь би ухаантай.
Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн,
тэдний эд баялгийг дээрэмдэн,
хүчит хүний адилаар сэнтийд залрагчдыг түлхэн унагав.
14Шувууны үүр мэт ард түмний эд баялагт миний гар хүрч,
орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил би бүх газрыг цуглуулан авав.
Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн, жиргэх нэгэн алга”.
15Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу?
Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө өөрийгөө өргөмжлөх үү?
Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм,
эсвэл өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.
16Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж,
сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.
17Израилийн гэрэл нь гал,
түүний Ариун Нэгэн нь дөл болж,
түүний үүргэнэ,
өргөст халгайг нь ганцхан өдөрт шатаана.
18Тэр түүний шигүү ойн сүр жавхлан,
үр жимст цэцэрлэг
бүгдийг нь устгана.
Өвчтэй хүн доройтдогийн адил болно.
19Түүний ойн моддоос үлдсэн моддын тоо нь хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.
20Тэр өдөр Израилийн үлдэгсэд хийгээд, Иаковын гэрийнхнээс хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг хэзээ ч дахин түшихээ больж, харин ЭЗЭНд, Израилийн Ариун Нэгэнд үнэнээр найдна.
21Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд хүчит Бурхан уруу эргэнэ.
22Израиль аа,
чиний ард түмэн хэдийгээр далайн элс мэт боловч
тэдний дундах үлдэгсэд л эргэнэ.
Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.
23Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх нутгийн голд хэрэгжүүлнэ.
24Иймд түмэн цэргийн БУРХАН Эзэн ийн айлдав.
—Сионд оршдог Миний ард түмэн! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун. 25Учир нь тун удахгүй та нарын эсрэг Миний зэвүүцэл дуусгавар болж, Миний уур хилэн тэдний сүйрэл уруу чиглэгдэнэ. 26Түмэн цэргийн ЭЗЭН Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэр Египетэд хийсэн шигээ, Өөрийн таягаа далайн дээгүүр сунгана. 27Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж, буулга нь эвдэрнэ.
28Тэр Аиатад ирж,
Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална.
29Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв.
Рама түгшиж, Саулын Гибеа зугтав.
30Галлимын охид оо.
Бүх дуугаараа чанга хашхирцгаа!
Анхаарагтун, Лаиша.
Хөөрхийлөлтэй Анатот оо!
31Мадмена зугтаж,
Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв.
32Тэр өнөөдөр Нобт буудаллан,
Сионы охины уул,
Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.
33Харагтун,
түмэн цэргийн БУРХАН Эзэн бүх хүчээрээ модны мөчрийг тас цавчина.
Хэмжээгээр өндөр нь цавчигдана,
ихэмсэг хүмүүс басамжлагдана.
34Тэрээр төмөр сүхээр ширэнгэ ойг цавчиж,
Хүчит Нэгэний өмнө Ливан унана.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 10: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society