ИСАИА 13
13
1Амозын хүү Исаиагийн үзсэн Вавилоны тухай зөн.
2Нүцгэн толгодын дээр туг босгож,
дуугаа өндөрсгөн,
гараа дохиж тэднийг ноёдын хаалга уруу оруул!
3Би Өөрийн уур хилэнг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн ариусгагдсан нэгэнд тушаал өгсөн.
Миний өргөмжлөл дотор баясдаг Өөрийн хүчирхэг дайчдыг дуудав.
4Олон хүний хөл үймээн мэт уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан.
Хамтдаа цугларсан үндэстнүүд,
хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан.
Түмэн цэргийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг цуглуулж байна.
5Тэд алс холын орноос,
тэнгэрийн хязгаараас ирж байна.
ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг бүх газрыг устгахаар ирж байна.
6ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун.
Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.
7Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.
8Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина.
Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна.
Тэд балмагдан бие биеэ харж,
царай нь дүрэлзэн шатна.
9Үзэгтүн,
Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгах
аймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна.
10Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж,
сар гэрлээ тусгахгүй.
11Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг,
нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ.
Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно.
Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана.
12Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон,
хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.
13Би тэнгэрийг донсолгоно.
Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр
Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.
14Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс,
эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж,
төрөлх нутаг уруугаа зугтана.
15Олдсон хүн бүрийг жадалж,
олзлогдсон хүн бүрийг нь сэлмээр хорооно.
16Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан,
орон байрыг нь тонож,
эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.
17Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч,
алтыг үл таашаагч медечүүдийг тэдний эсрэг хөдөлгөнө.
18Тэдний нум залуусыг хиаруулан,
хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө.
Тэдний нүд хүүхдийг ч энэрэхгүй.
19Хаанчлалуудын чимэг,
халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом,
Гоморраг унагасан шиг унана.
20Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй.
Тэнд арабууд майхнаа барихгүй,
хоньчид сүргээ хотлуулахгүй.
21Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж,
тэдний байшингууд шар шувуугаар дүүрч,
тэнд тэмээн хяруул амьдарч,
сагсгар ямаанууд тоглоно.
22Тэдний бэхэлсэн цамхгуудад цөөвөр чоно ульж,
баян тансаг харшид нь чононцор үүрлэнэ.
Тэр цаг ойрхон, тэр өдөр удахгүй ирнэ.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 13: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society