ИСАИА 2
2
1Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг.
2Эцсийн өдрүүдэд
ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон,
толгодын дээгүүр өргөгдөнө.
Бүх үндэстнүүд түүн уруу цутган ирнэ.
3Олон ард түмнүүд ирээд
“Ирцгээ,
ЭЗЭНий уул уруу,
Иаковын Бурханы өргөө уруу явцгаая.
Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж,
бид Түүний жимээр алхах юм” гэцгээнэ.
Учир нь хууль Сионоос гарч,
ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.
4Тэр үндэстнүүдийн хоорондхыг шүүж,
олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно.
Тэд илдээ анжисны хошуу,
жадаа хадуур болгон давтана.
Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд
дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.
5Иаковын гэр ээ, ирцгээ.
ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.
6Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа.
Юу гэвэл тэд дорнын нөлөөг авч,
филистчүүд шиг мэргэч төлөгчдөөр дүүрэн болж,
харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна.
7Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж,
тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга.
Тэдний нутаг морьдоор дүүрч,
тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж.
8Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн,
тэд өөрсдийн хуруугаар хийсэн гарынхаа бүтээлийг шүтдэг.
9Тиймээс хүн номхтгогдож,
хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил.
10ЭЗЭНий аймшиг,
Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж,
хавцалд шургаж,
шороонд нуугдагтун.
11Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж,
хүний ихэмсэг зан номхтгогдож,
ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
12Бардам ба ихэмсэг,
өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий.
13Энэ нь Ливаны ихэмсэг,
өргөгдсөн бүх Башаны бүх царс болон,
14бүх ихэмсэг уул,
бүх өргөмжлөгдсөн толгод,
15аливаа өндөр цамхаг,
аливаа бэхлэгдсэн хэрэм,
16Таршишийн бүх усан онгоц,
бүх үзэсгэлэнт гар урлалын эсрэг байх юм.
17Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож,
хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад,
ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
18Шүтээнүүд оргүй алга болно.
19ЭЗЭН газрыг донсолгохоор босоход,
Түүний жавхлант сүр хүч,
болон аймшгийн өмнө хүмүүс хадны агуй,
газрын гав уруу орно.
20Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болон
алтан шүтээнүүдээ сохор номин,
сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ.
21Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход,
Түүний жавхлант сүр хүч,
аймшгийн өмнө хүмүүс хадны агуй,
хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.
22Хамраараа амьсгалдаг хүнийг хүндлэхээ боль.
Учир нь тэр хир үнэтэй юм бэ?
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society