ИСАИА 24
24
1Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан, түүнийг хөмрөх гэж байна. Газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана. 2Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно. 3Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. 4Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. 5Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв. 6Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөн хүмүүс л үлдэв.
7Шинэ дарс гашуудаж,
усан үзмийн мод нь гандана.
Бүх наргианч хүн санаа алдана.
8Бөмбөрийн хөгжөөнт дуу тасраад,
наргигчдын шуугиан зогсож,
ятгын баясгалант эгшиг тасарна.
9Тэд дарс ууж дуулахаа болино.
Хатуу архийг уугчдад энэ нь гашуун болно.
10Эмх замбараагүй хот нурж,
байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.
11Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон,
бүх баяр баясгалан уйтгар гуниг болов.
Дэлхийн зугаа цэнгэл арилав.
12Хотын дотор хоосрол үлдэж,
дааман хаалга нь эвдэрчээ.
13Тэгээд энэ нь чидун модод найгах шиг,
усан үзэм хураалтын дараах хаягдал дэлхийн төвд,
хүмүүсийн дунд байх болно.
14Тэд дуугаа өргөж, баяр хөөрийн төлөө хашхирна.
Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.
15Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж,
далайн эргийн нутагт Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун.
16Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэсэн дуунуудыг бид сонсож байна.
Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна.
Ээ халаг минь. Урвагч урваж, урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.
17Дэлхийн оршин суугч аа.
Аймшиг, нүх, занга нь чиний дээр байна.
18Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана.
Нүхнээс авиран гарагч нь занганд орно.
Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж,
дэлхийн сууриуд ганхаж байна.
19Газар бутран эвдэрч, газар хагарч, газар хүчтэй донсолно.
20Дэлхий архичин шиг гуйвж, овоохой шиг ганхдаг.
Учир нь түүний нүгэл хилэнц улам хүнд болж байгаа учир тэр унаж, дахин хэзээ ч босохгүй.
21Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид,
дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ.
22Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно.
Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.
23Тэгэхэд сар ичиж, нар гутна.
Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж,
Өөрийн ахмадуудын өмнө сүр жавхлангаа байлгана.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 24: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society