ИСАИА 29

29
1Ариел аа. Ариел аа.
Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот гаслантай яа.
Жил дээр жилийг нэмэгтүн.
Та нарын найрын дугараа тойрох болтугай.
2Би Ариел дээр зовлон авчрахад чи уй гашуу, шаналлын хот болно.
Миний хувьд чи Ариел шиг байна.
3Би чамайг хүрээлэх мэт байрлаж, чамайг бүслэн,
чиний эсрэг бэхлэлт босгоно.
Би чиний эсрэг дайтах цамхаг босгоно.
4Дараа нь чамайг доош буулгана.
Чи газраас ярьж,
чиний үг шороон дотроос бувтнах мэт сонсогдон,
дуу хоолой чинь газраас гарах сүнсний дуу мэт байж,
яриа чинь шорооноос шивнэх мэт байна.
5Гэвч гэнэт нэгэн агшинд л чиний үй түмэн дайснууд нарийн тоос мэт болж,
үй олон харгис хүмүүс хийсэн одох хальс, сүрэл мэт болно.
6Түмэн цэргийн ЭЗЭН чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галаар шийтгэнэ.
7Ариелын болон бэхлэлтийнх нь эсрэг байлдагч бүх үндэстний цугласан үй олон болон түүнийг зовоогчид нь зүүд мэт,
шөнийн үзэгдэл мэт болох болно.
8Өлссөн хүн идэж байна гэж зүүдлэвч,
сэрэхэд сэтгэл нь цадаагүй байдаг.
Цангасан хүн ууж байна гэж зүүдлэвч,
сэрэхдээ тэр тамиргүй болж,
сэтгэл нь ундаассан хэвээр байдаг.
Үүнчлэн Сион уулын эсрэг байлдагч бүх үндэстний үй олон хүмүүс тийм болно.
9Саатагтун, хүлээгтүн.
Өөрсдийгөө сохолж, хараагүй бол!
Тэд дарснаас биш мөртлөө согтуу болж,
архидаагүй мөртлөө гуйвж байна.
10Учир нь ЭЗЭН та нарын дээр гүн нойрны сүнсийг цутгаж,
та нарын нүд буюу эш үзүүлэгчдийг хааж,
та нарын тэргүүн буюу үзмэрчдийг бүтээв.
11Зөгнөл нь бүхэлдээ та нарын хувьд лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж өгүүлнэ. 12Дараа нь тэр номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би уншиж мэдэхгүй” гэж хариулна.
13Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон,
уруулаараа Намайг хүндлэвч,
зүрхээрээ Надаас хол байна.
Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ.
14Тийм учраас үзэгтүн.
Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт,
гайхалтай зүйлийг дахин бүтээнэ.
Тэдний мэргэдийн мэргэн ухаан нь мөхөж,
гярхай хүмүүсийн ялгах чадвар нь алга болно” гэв.
15Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж,
үйлсээ харанхуй газарт хийж,
“Хэн биднийг харах юм бэ?”
“Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс гаслантай яа.
16Та орвонгоор нь эргүүлжээ!
Ваарчинг шавартай адилтган үзэж болох уу?
Бүтээгдсэн зүйл нь бүтээгчдээ хандан
“Тэр намайг хийгээгүй” гэх юм гэж үү?
Ваар нь ваарчиндаа хандан
“Тэр мулгуу хүн” гэж өгүүлэх үү?
17Өчүүхэн хугацааны дараа
Ливан нь үржил шимтэй талбай болон хувирч,
үржил шимтэй талбай нь ой хэмээн тооцогдоно.
18Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож,
бүрэнхий харанхуйгаас сохруудын нүд нь харах болно.
19Даруу нэгний баяр хөөр ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж,
хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэн дотор баясна.
20Учир нь харгислагчдын төгсгөл ирж,
элэглэгчид алга болж,
бузар мууг үйлдэхийг санаархагч бүхэн таслагдана.
21Үгээр хүнийг буруутгагчид,
дааман хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид,
худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.
22Ийм учраас Абрахамыг аварсан ЭЗЭН Иаковын гэрийн тухай айлдахдаа
“Одоо Иаков ичихгүй, нүүр нь улайхгүй болов.
23Харин Миний мутрын бүтээл болох хүүхдүүдээ тэр өөрийнхөө дотор харахдаа,
тэд Миний нэрийг нандигнана.
Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан,
Израилийн Бурханы аймшиг дотор зогсоно.
24Сүнсээр төөрөгчид үнэнийг мэдэж,
шүүмжлэгчид зааврыг хүлээн авна” гэв.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 29: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү