ИСАИА 57

57
1Зөв шударга хүн мөхдөг,
үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй.
Сүсэгтэй хүмүүсийг авч явахад хэн ч үл ойлгоно.
Зөв шударга хүнийг муугаас холдуулж,
2амар амгаланд аваачна.
Зөв замаар явагч хүн бүр өөрсдийн хэвтэртээ амарна.
3Харин илбэчин эмийн хөвгүүд,
садар самуун, янхнуудын үр сад аа,
нааш ирэгтүн.
4Та нар хэнийг шоолж,
хэний эсрэг амаа томоор ангайлган, хэлээ гаргана вэ?
Та нар тэрслэгчийн хүүхдүүд,
худал хуурмагийн үр удам бөгөөд
5царс моддын дунд, аливаа саглагар модны дор дүрэлзэн шатаж,
хадны хавцал дор, гуу жалганд хүүхдээ алдаг биш үү?
6Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм.
Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн.
Чи тэдэнд ундаан өргөл асгаж,
идээн өргөл өргөсөн билээ.
Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?
7Чи өндөр, сүрлэг уулан дээр өөртөө ор засаж,
тахил өргөхийн тулд тийшээ гарсан.
8Чи хаалга хатавчны ард тэмдэг тавьсан.
Үнэндээ Надаас алслан холдсон чи биеэ нүцгэлсэн.
Дээш гарч, ороо өргөсгөн,
өөрийнхөө төлөө тэдэнтэй тохиролцон,
тэдний оронд дурлан,
нүцгэн биеийг нь харсан билээ.
9Чи хаан уруу тостой очиж,
үнэртнээ нэмэгдүүлсэн.
Чи элчингүүдээ алс хол газар илгээн,
Үхэгсдийн орон уруу буулгасан.
10Замын уртад чи ядарсан боловч,
“Найдлага тасарлаа” гэж хэлээгүй.
Чи хүч тэнхээгээ сэргээн олсон учраас шантраагүй.
11“Намайг зүрхэндээ хадгалж дурсалгүй,
худал хэлж байхдаа чи хэнээс эмээж зовнисон бэ?
Би удаан хугацааны турш чимээгүй байсан учраас чи Надаас эмээхгүй юу?
12Би чиний зөв шударгыг болоод үйлсийг чинь тунхаглана.
Гэвч тэдгээр нь чамд ашиггүй.
13Орилж хашхирахад чинь чамайг шүтээний цуглуулга чинь авраг!
Харин салхи тэднийг чинь бүгдийг нь хийсгэж,
амьсгал ч тэднийг авна.
Харин Надад хоргодогч нь газрыг өмчлөн,
Миний ариун уулыг эзэмшинэ”.
14“Босгогтун, босгогтун. Зам бэлтгэгтүн.
Миний ард түмний замаас саадыг зайлуул» гэж хэлэгдэх болно.
15Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав.
“Би дорд нэгний сүнсийг сэргээж,
гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд
гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.
16Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй.
Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно.
17Түүний шударга бус олзны нүглээс нь болж Би хилэгнэн, түүнийг цохисон.
Би нууж уурлаж байсан.
Гэсэн ч тэр эргэн өөрийн хүссэн замаараа явсан.
18Би түүний замыг нь үзсэн боловч түүнийг эдгээнэ.
Би түүнийг удирдаж,
түүнийг хийгээд түүний гашуудагсдыг тайвшруулан сэргээж,
19уруулын магтаалыг бүтээнэ.
Хол ойрынхонд энх амгалан, энх амгалан байх болтугай.
Би түүнийг эдгээнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.
20Гэвч нүгэлтнүүд нь шидлэн давалгаалах далай мэт юм.
Учир нь далай бол дөлгөөн байж чаддаггүй,
ус нь хог, шавар шидлэн гаргадаг билээ.
21“Хилэнцтэнд амар амгалан байхгүй” гэж миний Бурхан айлдаж байна.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 57: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү