ШҮҮГЧИД 1

1
1Иошуаг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйн,
—Канаанчуудын эсрэг тэдэнтэй тулалдахад хэн бидний тэргүүнд явах вэ? гэж асуусанд, 2ЭЗЭН
—Иуда явах болно. Харагтун, Би тэр газрыг түүний гарт өгсөн юм хэмээн айлдав. 3Тэгэхэд Иуда өөрийн ах Симеонд
—Канаанчуудтай тулалдахаар надад оногдсон газар уруу надтай цуг яваач. Тэгвэл чамд оногдсон газар уруу ч би бас явна шүү гэхэд Симеон түүнтэй хамт явлаа. 4Иуда явсанд ЭЗЭН тэдний гарт канаанчууд болон перизчүүдийг өгөв. Тэд Безект арван мянган хүнийг хүйс тэмтэрлээ. 5Тэд Безект Адони-безекийг олж, түүний эсрэг тулалдан, канаанчууд болон перизчүүдийг ялав. 6Харин Адони-безек зугтсанд, тэд араас нь нэхэж бариад, гар хөлийнх нь эрхий хуруунуудыг нь тастав. 7Адони-безек
—Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу цуглуулдаг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд, тэр тэнд нас барлаа.
8Дараа нь Иудагийн хөвгүүд Иерусалимын эсрэг дайтаж, түүнийг эзлэн аваад, илдний ирээр цавчлан, галдан шатаав. 9Ингэсний дараа Иудагийн хөвгүүд уулархаг нутаг, Негев болон нам газарт нутаглаж байсан канаанчуудтай тулалдахаар ирэв. 10Тийнхүү Иуда Хебронд амьдардаг байсан канаанчуудын эсрэг хөдөллөө. (Хеброны нэрийг урьд нь Кириат-арба гэдэг байв). Тэд Шешаи, Ахиман болон Талмаиг бут цохив.
11Тэгээд тэндээс Иуда Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. (Дебирийг урьд нь Кириат-сефер гэдэг байв). 12Калеб
—Кириат-сеферийг довтлон, түүнийг эзлэн авсан хүнд би охин Ахсагаа ч хүртэл эхнэр болгон өгнө гэв. 13Калебын дүү Кеназын хөвгүүн болох Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв. 14Охин түүн дээр очиход, түүнийг эцгээсээ тариалангийн талбай гуй хэмээн ятгав. Охин илжигнээсээ буусанд, Калеб түүнээс
—Чи юу хүсэв? хэмээн асуув. 15Тэр түүнд
—Надад ерөөлөө хайрлаач. Нэгэнт надад Негевийн нутгийг өгснөөс хойш мөн булгуудыг нь өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг түүнд өгөв.
16Мосегийн хадам эцэг Кен хүний удмынхан Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос Арадын өмнө оршдог Иудагийн цөл уруу яван, хүмүүстэй нь хамт амьдран суув. 17Иуда ах Симеонтой хамт явж, Зефатад амьдарч байгаа канаанчуудыг цохиж алаад, хотыг бүрмөсөн устгав. Ийнхүү тэр хот Хорма гэж нэрлэгдэх болов. 18Газ, Ашкелон, Екроныг хязгаар нутгуудынх нь хамт Иуда авав. 19ЭЗЭН Иудатай хамт байсан ба тэд уулархаг нутгийг эзлэн авав. Гэвч тал хөндийн хүмүүс төмөр тэрэгтэй байсан тул тэднийг хөөн зайлуулж чадсангүй. 20Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд, тэр Анакийн гурван хөвгүүнийг тэднээс хөөж зайлуулав. 21Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдрав.
22Үүнтэй адил Иосефын гэрийнхэн Бетелийн эсрэг дайрахад, ЭЗЭН тэдэнтэй хамт байв. 23Иосефын гэрийнхэн Бетелийг тагнав. (Энэ хотын нэрийг урьд нь Луз гэдэг байжээ). 24Хотоос нэгэн хүнийг гарч ирэхийг туршуулууд хараад, түүнд “Бидэнд хотын орох хаалгыг зааж өгөөч, тэгвэл бид чамд энэрэнгүй хандах болно” гэв. 25Хотын орох хаалгыг тэр зааж өгөхөд, тэд илдний ирээр хотыг устгав. Харин өнөөх эрийг бүх гэр бүлийнх нь хамт чөлөөлөв. 26Тэр хүн хитчүүдийн нутагт очин, нэгэн хот барьж, түүнийгээ Луз гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл ийнхүү нэрлэгддэг.
27Харин Манассе нь Бет-шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудыг эзлэн аваагүй тул канаанчууд тэр нутагт амьдарсаар байв. 28Израиль хүчирхэг болоход, канаанчуудаар албадлагын ажил хийлгэсэн боловч тэднийг бүрмөсөн хөөж зайлуулсангүй.
29Ефраим ч мөн Гезерт оршин сууж байсан канаанчуудыг хөөж зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдрав.
30Зебулун Китроны болон Нахалолын оршин суугчдыг хөөж зайлуулаагүй тул канаанчууд тэдний дунд амьдарч, албадлагын ажил хийх болов.
31Ашер нь Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик болон Рехобын оршин суугчдыг хөөж зайлуулсангүй. 32Канаанчуудыг хөөгөөгүй учраас ашерчууд уг нутагт оршин суугчид болон канаанчуудын дунд амьдрав.
33Нафтали нь Бет-шемешийн болон Бет-анатын оршин суугчдыг хөөж зайлуулалгүй, харин уг нутгийн оршин суугчид болж Канаанчуудын дунд суурьшив. Тэгээд Бет-шемеш болон Бет-анатын оршин суугчид тэдний төлөө албадлагын ажил хийх болов.
34Тэгтэл аморичууд Даны хөвгүүдийг хөндий тал уруу бууж ирэхийг зөвшөөрөөгүй бөгөөд уулархаг газар уруу тэднийг шахав. 35Гэсэн ч аморичууд Херес уул, Аиалон болон Шаалбимд суурьшихаар зүтгэв. Гэвч Иосефын гэр хүчирхэг болоход, тэд албадлагын хөдөлмөр хийх болов. 36Аморичуудын нутгийн хязгаар нь Акраббимын өндөрлөг, Селагаас болон түүнээс дээш үргэлжлэв.

Одоогоор Сонгогдсон:

ШҮҮГЧИД 1: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү