ШҮҮГЧИД 17

17
1Ефраимын уулархаг нутагт Мика нэртэй нэгэн хүн байв. 2Тэрээр эхдээ
—Та мянга нэг зуун мөнгөн зоосоо алдчихаад харааж байхыг чинь би сонссон. Мөнгө чинь надад бий. Би хулгайлсан юм гэхэд эх нь
—ЭЗЭН миний хүүг ивээх болтугай гэв. 3Тэгээд тэр эхдээ мянга нэг зуун мөнгөн зоосыг буцааж өгсөнд эх нь
—Би өөрийн гараас энэ мөнгийг ЭЗЭНд бүрэн зориулж, хүүгийнхээ төлөө түүгээр сийлмэл болон цутгамал хөрөг дүрсийг бүтээе. Тийм учраас одоо үүнийг чамд эргүүлж өгье гэв. 4Тэр эхдээ мөнгийг буцааж өгсөнд эх нь хоёр зуун мөнгөн зоосыг авч, мөнгөний дарханд өгөөд, түүгээр сийлмэл болон цутгамал хөрөг дүрсийг хийлгэв. Тэдгээр нь Микагийн гэрт байв. 5Энэхүү Мика гэгч нь бурхдын дугантай болж, ефод болон гэрийн шүтээнүүдийг хийж, нэгэн хөвгүүндээ сахил хүртээн, өөрийнхөө тахилч болгов. 6Тэр үед Израильд хаан байгаагүй тул хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа.
7Иудагийн Бетлехемээс ирсэн Иудагийн ургийн нэгэн Леви залуу байв. Тэр тэнд амьдарч байжээ. 8Тэр хүн Иудагийн Бетлехем хотоос гарч, амьдрах газар хайн аялж явсаар, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирсэн билээ. 9Мика түүнээс
—Чи хаанаас ирэв? хэмээн асуухад тэр
—Би Иудагийн Бетлехемээс ирсэн Леви хүн байна. Амьдрах газар хайж явна даа гэжээ. 10Тэгэхэд Мика түүнд
—Надтай хамт байж, надад эцэг бас тахилч бологтун. Би чамд жил бүр арван мөнгөн зоос өгч, хувцас ба хүнсээр хангана гэжээ. Тийнхүү Леви хүн гэрт нь оржээ. 11Леви хүн түүнтэй хамт амьдрахыг зөвшөөрч, залуу эр түүний хөвгүүдийн нэг адил байх болов. 12Мика Леви хүнд сахил хүртээн, залуу эр түүний тахилч болж, Микагийн гэрт амьдрах болов. 13Тэгээд Мика
—Леви хүн миний тахилч болсныг хараад ЭЗЭН намайг баян чинээлэг болгоно гэдгийг би одоо мэдэж байна хэмээн хэлэв.

Одоогоор Сонгогдсон:

ШҮҮГЧИД 17: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү