ИОХАН 13:21-30

ИОХАН 13:21-30 АБ2004

Есүс эдгээрийг хэлээд, сүнс нь шаналж эхлэн, гэрчилж —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг Намайг барьж өгнө гэлээ. Түүний хэний тухай ярьж буйг мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие бие уруугаа харж эхлэв. Түүний шавь нарын нэг болох Есүсийн хайрласан хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа. Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж, —Түүний хэний тухай хэлж байгааг бидэнд хэлээч гэв. Тэр Есүсийн цээжийг налсан хэвээр —Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд Есүс —Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр хүн нь мөн гэж айлдаад, талхны хэлтэрхийг дүрж [аваад] Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. Дараа нь түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс Иудаст —Чи хийх гэж байгаа юмаа түргэн хий гэлээ. Харин тухлан суугчдын хэн нь ч Есүсийн юуны улмаас тэгж хэлснийг мэдсэнгүй. Зарим нь Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл, “Ядууст ямар нэгэн юм өг” гэсэн байх гэж боджээ. Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв.