ИОХАН 9

9
1Есүс явж өнгөрөхдөө, төрөлхийн сохор хүнийг харжээ. 2Шавь нар нь Түүнээс
—Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ хүн сохор төрсөн юм бэ? Энэ хүн үү? Түүний эцэг эх үү? хэмээн асуусанд 3Есүс
—Энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулахын тулд юм. 4Намайг Илгээгчийн ажлыг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна. 5Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав. 6Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, тэр хүний нүдийг шавраар шаваад,
7Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ. 8Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь
—Энэ чинь суучихаад гуйлга гуйдаг нөгөө хүн биш үү? гэхэд 9зарим нь
—Тэр мөн байна гэцгээв. Бусад нь
—Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө
—Тэр чинь би байна гэж хэлэв. 10Тэд түүнээс
—Тэгвэл чиний нүд яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд 11тэр
—Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад “Силоам уруу яваад, угаа” гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав. 12Хүмүүс
—Тэр хаана байна? гэсэнд өнөөх хүн
—Би мэдэхгүй гэлээ.
13Урьд нь хараагүй байсан өнөөх хүнийг тэд фарисайчууд уруу авч ирэв. 14Есүс шавар зуурч, түүний харааг оруулсан өдөр нь Амралтын өдөр байжээ. 15Тэгтэл фарисайчууд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр
—Тэр миний нүдийг шавраар шавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэхэд 16фарисайчуудын зарим нь
—Тэр Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханаас ирсэн хүн биш гэв. Харин зарим нь
—Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. 17Тиймээс тэд сохор эрд дахин
—Тэр хүн чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр
—Тэр бол эш үзүүлэгч гэв.
18Тэгтэл хараатай болсон хүний эцэг эхийг дуудах хүртэл иудейчүүд түүнд сохор байж байгаад хараатай болсонд нь итгэсэнгүй. 19Тэд эцэг эхээс нь
—Сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув. 20Эцэг эх нь тэдэнд
—Энэ бидний хүү мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна. 21Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр насанд хүрсэн хүн. Тэр өөрөө хэлэг гэв. 22Түүний эцэг эх иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Учир нь Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогаас хөөгдөх ёстой хэмээн иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа. 23Тиймээс түүний эцэг эх нь “Тэр насанд хүрсэн хүн, өөрөөс нь асуу” гэжээ.
24Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд
—Бурханд алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд 25тэр
—Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. 26Тэд түүнээс
—Тэр чамд юуг үйлдсэн юм бэ? Тэр чиний нүдийг яаж нээсэн юм бэ? гэж асуухад
27Би та нарт хэдийн хэлсэн. Та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байгаа юм биш биз? гэв. 28Фарисайчууд түүнийг хараан зүхэж
—Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид. 29Бурхан Мосед айлдсаныг бид мэднэ. Харин энэ хүний хувьд, бид Түүний хаанаас ирснийг нь ч мэдэхгүй гэсэнд 30өнөөх хүн
—Тэр миний нүдийг нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна. 31Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, Түүний хүслийг үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ. 32Цаг хугацааны эхлэлээс хойш төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогүй. 33Хэрэв энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байсан гэж хэллээ. 34Тэд
—Чи нүглүүд дотроо төрсөн атлаа бас биднийг сургана уу? гээд түүнийг хөөн гаргав.
35Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж
—Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд 36тэр
—Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв. 37Есүс
—Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ. 38Тэр
—Эзэн минь, би итгэж байна гээд Түүнд мөргөв. 39Есүс түүнд
—Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. 40Фарисайчуудаас Есүстэй хамт байсан хүмүүс эдгээрийг сонсоод, Түүнд
—Бид бас сохор юм биш биз? гэхэд 41Есүс тэдэнд
—Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.

Одоогоор Сонгогдсон:

ИОХАН 9: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү