ИОШУА 11

11
1Хазорын хаан Иабин үүнийг сонсоод, Мадоны хаан Иобаб болон Шимрон ба Ахшафын хаанд, 2Хиннеротын өмнө талын Араба, өрнө зүгийн нам газрууд ба Дорын өндөрлөгт байгч хойд зүгийн уулархаг нутгийн хаадад буюу, 3өрнө ба дорно зүгт байгч канаанчууд, мөн уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд болон Мизпе нутгийн Ермоны хормойд орших хивичүүд уруу үг илгээв. 4Тэд өөрсдийн бүх цэрэг буюу далайн эргийн элс шиг тоо томшгүй хүн, их хэмжээний морьд ба тэрэгтэй гарч ирлээ. 5Тийнхүү эдгээр бүх хаад уулзахаар тохирон, Израилийн эсрэг дайтахаар Меромын усны хажууд ирж хамтдаа буудаллав.
6ЭЗЭН Иошуад
—Тэднээс бүү айгтун. Учир нь маргаашийн өдийд Би Израилийн өмнө тэднийг бүгдийг нь хядах болно. Та нар тэдний морьдын шөрмөсийг тасалж, тэрэгнүүдийг нь галд шатаах болно гэлээ. 7Ийнхүү Иошуа цэргийн бүх хүмүүсийн хамт Меромын усны дэргэд тэдний дээр гэнэт орж ирж, тэднийг довтлов. 8ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг ялж, Агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпегийн хөндий хүртэл тэднийг мөшгөн хөөж, тэдэнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь тэднийг цохив. 9ЭЗЭНий өөрт нь айлдсаныг Иошуа тэдэнд үйлдэж, морьдынх нь шөрмөсийг таслан, тэрэгнүүдийг нь галд шатаалаа.
10Тэр цагт Иошуа буцаж, Хазорыг эзлэн авч, хааныг нь илдээр цохив. Учир нь Хазор урьд нь эдгээр бүх хаанчлалын тэргүүн байв. 11Тэд хот доторх бүх хүнийг илдний ирээр цохин хүйс тэмтрэв. Амьсгалтай нэг ч хүнийг тэнд үлдээгээгүй. Иошуа Хазорыг галдан шатаав. 12Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотуудыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв. 13Гэхдээ Иошуагийн шатаасан хот болох Хазораас бусад, довон дээрээ баригдан зогсох хотуудаас нэгийг нь ч Израиль шатаагаагүй юм. 14Израилийн хөвгүүд эдгээр хотуудын бүх эд хогшил болон мал сүргийг өөрсдөдөө олз болгон авсан. Харин бүх хүмүүсийг устган устгатлаа илдний ирээр цохижээ. Тэд амьсгаатай нэг ч хүн үлдээгээгүй. 15ЭЗЭН өөрийн зарц Мосед тушаасан шиг, Мосе Иошуад тушааж, Иошуа ч тушаал ёсоор үйлдэв. ЭЗЭНий Мосед тушаасан бүхнээс Иошуа нэг ч зүйлийг хийлгүйгээр орхисонгүй.
16Ингээд Иошуа бүх нутгийг, тухайлбал, уулархаг нутаг, Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба ба Израилийн уулархаг нутаг болон нам дор газруудыг нь, 17Сеир уруу өгссөн Халак уулнаас авахуулаад бүр Хермон уулын хормой дахь Ливаны хөндийн Баал-гад хүртэлхийг эзлэн авав. Тэр мөн бүх хаадыг нь олзолж, тэднийг цавчин алав. 18Иошуа эдгээр бүх хаадтай урт хугацаагаар дайн хийв. 19Гибеоны оршин суугч хивичүүдээс өөр Израилийн хөвгүүдтэй найрамдал тогтоосон хот нэг ч байсангүй. Тэд бүх хотуудыг тулалдан авсан. 20Учир нь ЭЗЭН тэдний сэтгэлийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг бүрмөсөн, ямар ч өршөөлгүйгээр устгахын тулд байв.
21Тэр цагт Иошуа ирж, Хеброн, Дебир, Анаб, Иудагийн бүх уулархаг нутаг болон Израилийн бүх уулархаг нутгуудаас анакчуудыг таслан устгав. Иошуа тэднийг хотуудтай нь хамт бүрмөсөн устгасан билээ. 22Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч Анак хүн үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ. 23Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсан бүхний дагуу Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажингүй болов.

Одоогоор Сонгогдсон:

ИОШУА 11: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү