ИОШУА 14
14
1Эдгээр нь Канаан нутагт Израилийн хөвгүүдийн өвлөн авсан нутаг бөгөөд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн ургуудын ахлагчид үүнийг тэдэнд хуваарилсан юм. 2Үүнийг ЭЗЭН Мосегээр дамжуулан тушаасанчлан, есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав. 3Учир нь Мосе хоёр овог ба хагас овгийн өвийг Иорданы зүүн талд өгчээ. Харин тэдний дунд левичүүдэд өвийг өгөөгүй билээ. 4Учир нь Иосефын хөвгүүд нь Манассе ба Ефраим гэсэн хоёр овог болсон бөгөөд тэд левичүүдэд газар нутгаас хувийг өгөөгүй, зөвхөн суух хотууд болон мал сүргээ бэлчээх газрыг л тэдэнд өгчээ. 5Ингээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд хийж тэр газар нутгийг хуваав.
6Тэгтэл Иудагийн хөвгүүд Иошуа дээр Гилгалд ирээд, Кениз хүн Иефуны хүү болох Калеб түүнд хэлсэн нь
—ЭЗЭН та бид хоёрын тухай Кадеш-барнеад Бурханы хүн Мосед юу хэлснийг та мэднэ. 7ЭЗЭНий зарц Мосе намайг Кадеш-барнеагаас уг нутгийг шинжүүлэхээр явуулахад би дөчин настай байсан. Би буцаж ирээд түүнд зүрхэндээ байснаа мэдүүлсэн. 8Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг шимшрүүлж, айдаст хүргэсэн. Хэдий тийм байсан ч би өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан. 9Тиймээс тэр өдөр Мосе надад тангараглан хэлэхдээ “Хөл тавин алхсан тэр газар нутаг бол чамд болон үр хүүхдүүдэд чинь үүрд мөнхөд өв болох болно. Учир нь чи миний Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ” гэсэн. 10Харин одоо харагтун, ЭЗЭН амласанчлан, Израиль цөл газарт явж байхад Мосе энэ үгийг хэлсэн үеэс хойш дөчин таван жилийн туршид ЭЗЭН намайг амьд байлгав. Ийнхүү өнөөдөр би наян таван нас хүрлээ. 11Мосе намайг илгээсэн тэр өдрийнх шиг би хүчтэй хэвээрээ байна. Би яг л тэр үеийнх шигээ тулалдах, гадагш дотогш орж явах хүч тэнхээтэй байна. 12Тэгэхээр одоо тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд анакчууд аугаа том бэхлэгдсэн хотуудтайгаа байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ ЭЗЭН надтай хамт байж, Түүний хэлсэнчлэн тэднийг би хөөн гаргаж ч болзошгүй юм гэв.
13Тэгэхэд Иошуа Иефуны хүү Калебыг ерөөж, түүнд Хеброныг өв болгон өгөв. 14Иймд Хеброн нь өнөөг хүртэл Кениз хүн болох Иефуны хүү Калебын өв болсон учир нь тэр Израилийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ. 15Хеброныг анх Кириат-арба гэж нэрлэдэг байв. Учир нь анакчуудын дундаас хамгийн агуу хүн нь Арба байжээ. Ингээд тэр нутаг дайн дажингүй болов.
Одоогоор Сонгогдсон:
ИОШУА 14: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society