ИОШУА 17
17
1Мөн Манассегийн овогт газар нутгийг хуваарилан өгөв. Учир нь тэр Иосефын ууган хүү байв. Манассегийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин эр байсан тул түүнд Башан ба Гилеадыг өгөв. 2Ийнхүү энэ газар нь Манассегийн бусад хөвгүүдэд ургуудынх нь дагуу тухайлбал Абиезер, Хелек, Асриел, Шехем, Хефер болон Шемида нарын хөвгүүдэд хувь оногдов. Эдгээр нь ургуудынхаа дагуу, Иосефын хүү Манассегийн эр талын үр удам нь байлаа. 3Гэвч Манассегийн хүү Махирын гуч, Гилеадын ач, Хеферийн хүү Зелофехад нь хүүгүй байсан бөгөөд зөвхөн охидтой байлаа. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка ба Тирза гэдэг байв. 4Тэд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон удирдагчдын өмнө ойртон ирээд
—Бидэнд ах дүү нарын дунд өвийг маань өгөхийг ЭЗЭН Мосед тушаасан билээ гэв. Тийнхүү ЭЗЭНий тушаалын дагуу Иошуа тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дотор өвийг өгөв. 5Тийнхүү Манассегийн өв нь Иорданы зүүн тал дахь Гилеад болон Башанаас гадна, арван зурвас газар байв. 6Учир нь Манассегийн охид хөвгүүдийнх нь дотор өвийг авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав.
7Манассегийн хил нь Ашераас Шехемийн зүүнтэй орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээс Ен-таппуагийн оршин суугчид урд зүг уруу явсан байв. 8Таппуагийн нутаг Манассед харьяалагддаг байсан боловч, Манассегийн хил дээрх Таппуа нь Ефраимын хөвгүүдэд харьяалагдав. 9Уг хил Канагийн горхины өмнө тал хүртэл уруудсан ба (Манассегийн хотууд дундаас Ефраимд эдгээр хотууд харьяалагдаж байсан) Манассегийн хил нь уг жалгын хойд талаар үргэлжлэн тэнгист ирэн төгсөж байв. 10Өмнөд талын газар нь Ефраимд, хойд талынх нь Манассед харьяалагдсан бөгөөд тэнгис тэдний хил хязгаар нь байв. Тэд хойд зүгт Ашер болон зүүн зүгт Иссахартай хил залгадаг байв. 11Иссахар болон Ашерын дотор Манассед, Бет-шеан болон Иблеам суурингуудын хамт Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид болон суурингууд зэрэг нь Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм. 12Гэвч канаанчууд уг нутагт амьдарсан хэвээр байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудын эзлэн авч чадсангүй. 13Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болчихоод, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн гаргасангүй.
14Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад
—Бид тоо томшгүй олуулаа бөгөөд ЭЗЭН биднийг арвинаар ерөөсөн байхад яагаад та бидэнд ганцхан хувь ногдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв. 15Иошуа тэдэнд
—Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутаг та нарт хэт давчуу байгаа юм бол, ой уруу очиж перизчүүд болон Рефаимын нутаг болох тэр газарт өөрсдөдөө зориулан газрыг цэвэрлэн бэлтгэгтүн гэв. 16Иосефын хөвгүүд
—Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш бөгөөд хөндий газарт амьдардаг, мөн Бет-шеан ба түүний суурингууд болон Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр хөсөг тэрэгтэй билээ гэв. 17Харин Иошуа Иосефын гэр болох Ефраим ба Манассе нарт
—Та нар их олуулаа бөгөөд их хүчирхэг билээ. Та нар зөвхөн ганц хувь ногдолтой байх нь зохисгүй, 18харин уулархаг нутаг ч мөн та нарынх болох ёстой. Хэдийгээр тэр нь ой мод ч гэсэн та нар түүнийг цэвэрлэж бэлтгэ. Хэдий канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ.
Одоогоор Сонгогдсон:
ИОШУА 17: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society