ЛЕВИТ 18

18
1Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. 3Та нар өөрсдийн амьдарч байсан Египетийн нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Миний та нарыг аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. Тэдний ёс заншлууд дотор та нар явах ёсгүй. 4Та нар Миний шүүлтийг хэрэгжүүлэн, Миний тогтоолыг сахин тэдгээрийн дотор явагтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. 5Тиймээс та нар Миний тогтоол, Миний шүүлтийг сахигтун. Тэдгээрийг үйлддэг хүн түүгээрээ амьдарна. Би бол ЭЗЭН.
6Та нарын хэн нь ч хурьцах гэж өөрийн цусан төрөлдөө хүрч үл болно. Би бол ЭЗЭН. 7Эцгийнхээ бие болох эхтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол чиний эх мөн. Чи түүнд хавьтах ёсгүй. 8Чи эцгийнхээ эхнэртэй хурьцаж болохгүй. Энэ нь чиний эцгийнх болой. 9Эгч дүүтэйгээ, эцгийн чинь ч охин бай, эхийн чинь ч охин бай, гэрт ч төрсөн бай, гадна ч төрсөн бай тэдэнтэй чи хурьцаж болохгүй. 10Ач охинтойгоо, эсвэл зээ охинтойгоо чи хурьцаж болохгүй. Учир нь тэдний махан бие нь чамаас гарсан юм. 11Эцэгт чинь төрсөн, эцгийн чинь эхнэрийн охин нь чиний эгч дүү болдог учир түүнтэй чи хурьцаж болохгүй. 12Чи авга эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол чиний эцгийн чинь цусан төрөл юм. 13Чи нагац эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол эхийн чинь цусан төрөл юм. 14Чи авгынхаа бие болох эхнэртэй нь хурьцаж болохгүй. Түүний эхнэрт бүү хавьт. Тэр нь чиний авга бэргэн болой. 15Чи мөн бэртэйгээ хурьцаж болохгүй. Тэр нь чиний хүүгийн чинь эхнэр учир чи түүнд хавьтах ёсгүй. 16Чи бэргэнтэйгээ хурьцаж болохгүй. Энэ нь чиний ахын бие болдог юм. 17Чи эмэгтэй болон түүний охин хоёулантай нь хурьцаж болохгүй. Мөн түүний ач охин, эсвэл зээ охинтой хурьцахын тулд түүнийг бүү ав. Тэд нь цусан төрөл бөгөөд энэ нь жигшүүрт явдал юм. 18Чи эхнэрийгээ амьд байхад нь дээр нь нэмэн түүний эгч дүүтэй гэрлэн хурьцаж, тэднийг өрсөлдөгчид болгож болохгүй.
19Мөн чи эмэгтэйтэй сарын тэмдгийнх нь үеэр хурьцах гэж түүнд хүрч болохгүй. 20Чи мөн бусдын эхнэртэй хурьцаж түүнтэй хамт бузарлагдах ёсгүй. 21Чи мөн өөрийн үр удмыг Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи өөрийн Бурханы нэрийг бүү гутаа. Би бол ЭЗЭН. 22Эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил, чи эр хүйстэнтэй бүү унт. Энэ нь жигшүүрт юм. 23Мөн чи аливаа амьтантай хавьтаж, түүнтэй хамт бузарлагдаж болохгүй. Аливаа эмэгтэй нь амьтны өмнө түүнтэй нийлэлдэхээр зогсох ёсгүй. Энэ нь гажуу явдал болой.
24Эдгээр зүйлсийн аль нэгээр нь өөрсдийгөө бүү бузарлагтун. Учир нь та нарын өмнөөс Миний хөөх үндэстнүүд эдгээр бүх зүйлсээр бузар болсон юм. 25Уг газар нутаг бузар болсноос, тиймийн учир Би шийтгэлийг нь дээр нь авчирсан бөгөөд тэр нутаг оршин суугчдаа бөөлжин гаргасан. 26Гэвч та нарын хувьд, та нар Миний тогтоолууд болон хуулиудыг сахих ёстой бөгөөд уугуул болон та нарын дунд түр амьдарч буй гадаадынхан ч эдгээр жигшүүрт зүйлсийн алийг нь ч хийх ёсгүй. 27(Учир нь энэ нутагт та нарын урьд амьдарч байсан хүмүүс эдгээр бүх жигшүүрийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болсон юм.) 28Энэ нь та нарыг тэр нутгийг бузарлахад тэр нь өмнө чинь байсан үндэстнийг бөөлжин гаргасан шигээ та нарыг мөн бөөлжин гаргуулахгүйн тулд болой. 29Учир нь эдгээр жигшүүрийн аль нэгийг нь хийсэн хэн боловч тийнхүү үйлдэгчид нь өөрсдийн ард олны дундаас таслагдах юм. 30Ингэж та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүрт заншлын аль нэгийг та нар (тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд) үл үйлдэн, Миний шаардлагуудыг сахих ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.

Одоогоор Сонгогдсон:

ЛЕВИТ 18: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү