ЛЕВИТ 20
20
1Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
— 2Чи мөн Израилийн хөвгүүдэд ийн хэлэгтүн. “Израилийн хөвгүүдээс буюу эсвэл Израильд түр сууж буй гадныхнаас аливаа хүн нь үр удмаасаа аль нэгийг нь Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна. 3Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно. Учир нь тэр өөрийн үр удмын заримыг нь Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаах юм. 4Хэрэв нутгийн ард олон нь тэр хүнийг өөрийн үр удмаас аль нэгийг Молехт өгөхөд нь түүнийг алахгүй үл тоомсорлох аваас, 5Би Өөрөө, Өөрийн нүүрийг тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг хандуулах болно. Би түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно.
6Бөө болон сүнс дуудагчид уруу эргэснээр тэдэнтэй садарласан хүний хувьд, Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно. 7Тиймийн тул та нар өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. 8Та нар Миний тогтоолуудыг сахин тэдгээрийг хийгтүн. Би бол та нарыг ариусгах ЭЗЭН болой.
9Хэрэв өөрийн эцгийг, эсвэл эхийг хараах хүн байх аваас тэр нь гарцаагүй үхэх ёстой. Тэр нь өөрийн эцэг, эсвэл өөрийн эхийг хараасан учир тэр өөрийн цусыг өөрөө хариуцна.
10Хэрэв өөр хүний эхнэртэй завхайрсан хүн найзынхаа эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулах ёстой. 11Хэрэв эцгийнхээ эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь эцгийгээ доромжилсон. Тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна. 12Хэрэв бэртэйгээ унтсан хүн байх аваас тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд бол гаж явдалтнууд бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна. 13Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил эр хүйстэнтэй унтсан байх аваас, тэд хоёулаа жигшүүрт зүйлийг үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна. 14Хэрэв эмэгтэй болон түүний эхтэй нь гэрлэсэн хүн байх аваас энэ нь садар самуун явдал бөгөөд та нарын дунд ямар ч садар самууныг байлгахгүйн тулд тэр хүн болон тэд галд шатаагдах ёстой. 15Хэрэв амьтантай явалддаг хүн байх аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой. Та нар тэр амьтныг ч мөн алах ёстой. 16Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд хүрдэг эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон тэр амьтныг алах бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.
17Хэрэв хүн эцгийнхээ, эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, ингэснээрээ түүний нүцгэн биеийг харж, тэр эмэгтэй ч өөрийнх нь нүцгэн биеийг харах аваас, энэ нь ичгүүр бөгөөд тэд өөрсдийн ард түмний хөвгүүдийн нүднээс таслагдах ёстой. Тэр нь өөрийн эгч дүүг доромжилсон бөгөөд тэр өөрийн гэмийг хариуцна. 18Хэрэв сарын тэмдэгтэй эмэгтэйтэй унтан, хурьцсан хүн байх аваас тэр нь эмэгтэйн гоожилтыг нүцгэлсэн бөгөөд эмэгтэй ч өөрийн цусны гоожилтыг ил гаргасан болой. Тиймээс тэд хоёулаа өөрсдийн ард олны дундаас таслагдах ёстой. 19Та нар мөн нагац эгчтэйгээ, эсвэл авга эгчтэйгээ хурьцах ёсгүй. Ийм нэгэн нь өөрийн цусан төрлийг гутаасан бөгөөд тэд өөрсдийн гэмийг хариуцна. 20Хэрэв авгынхаа эсвэл нагацынхаа эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь ахыгаа доромжилсон бөгөөд тэд өөрсдийн нүглийг хариуцна. Тэд үр хүүхэдгүй үхэцгээнэ. 21Хэрэв ах дүүгийнхээ эхнэрийг авсан хүн байх аваас энэ нь жигшүүрт хэрэг бөгөөд тэр хүн өөрийн ах дүүгээ доромжилсон юм. Тэд үр хүүхэдгүй байх болно.
22Тиймээс Миний та нарыг амьдруулахаар аваачиж буй нутаг нь та нарыг бөөлжин гаргахгүйн тулд та нар Миний бүх тогтоолуудыг, Миний бүх зарлигуудыг сахин тэдгээрийг хийх ёстой. 23Түүнээс гадна, та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар дагах ёсгүй. Учир нь тэд эдгээр бүх зүйлсийг хийснээс болж Би тэднийг жигшсэн юм. 24Иймээс Би та нарт «Та нар тэдний нутгийг эзэмших ёстой. Би Өөрөө түүнийг та нарт эзэмшүүлэхээр сүү балаар урссан тэр нутгийг өгөх болно» хэмээн айлдсан. Би бол та нарыг ард түмнүүдээс тусгаарласан ЭЗЭН, та нарын Бурхан. 25Тиймийн тул та нар цэвэр болон бузар амьтны хооронд, бузар шувуу болон цэврийн хооронд ялгаа гаргах ёстой. Миний та нарын хувьд бузар хэмээн салгасан амьтнаар, эсвэл шувуугаар, эсвэл газар дээгүүр мөлхөгч аливаа зүйлээр та нар өөрсдийгөө бүү бузарла. 26Ингэж та нар Надад ариун хүмүүс байх ёстой. Учир нь ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад улс үндэстнээс тусад нь тавьсан юм.
27Бөө болон сүнс дуудагч эрэгтэй, эмэгтэй хүн нь гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулууд. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэв.
Одоогоор Сонгогдсон:
ЛЕВИТ 20: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society