ЛЕВИТ 23

23
1ЭЗЭН дахин Мосед айлдан
2Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Ариун цугларалтууд хэмээн та нарын зарлах, ЭЗЭНий товлосон үеүд болох Миний товлосон үеүд нь эдгээр болой. 3Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр байх болой. Энэ өдөр ариун цугларалт болдог. Та нар ямар ч ажлыг хийх ёсгүй. Энэ нь та нарын бүх амьдрах газруудад чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.
4ЭЗЭНий товлосон үеүд болох ариун цугларалтууд нь эдгээр юм. Товлогдсон үеүдэд нь та нар зарлах ёстой. 5Эхний сард, уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болдог. 6Тэгээд тэр сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй Талхны Баяр болдог бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх ид. 7Эхний өдөр нь та нар ариун цугларалттай байх бөгөөд аливаа хүчир ажлыг бүү хийгтүн. 8Харин долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг өргөх ёстой. Долоо дахь өдөр нь ариун цугларалттай бөгөөд та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн” гэв.
9Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
10Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Миний та нарт өгөх гэж буй нутагт орж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун. 11Та нар хүлээн авагдахын тулд тэрээр уг багцыг ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана. 12Та нар уг багцыг даллах өдөртөө согоггүй эр хургыг шатаалт тахилаар ЭЗЭНд өргөгтүн. 13Үүний идээн өргөл нь тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил байх бөгөөд тайвшруулах тааламжит үнэрт зориулан ЭЗЭНд галаар өргөх өргөл болох юм. Энэ нь түүний ундаан өргөл болох хиний дөрөвний нэгэн дарстай хамт байх юм. 14Тэр өдрийг хүртэл, өөрсдийн Бурханыхаа тахилыг авчрах хүртлээ та нар талхыг ч, хуурсан болон шинэ үр тариаг ч бүү идэгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.
15Амралтын өдрийн дараах өдрөөс, даллах өргөлийн багцыг авчирсан тэр өдрөөсөө та нар бас долоон долоо хоногийг тоол. 16Долоо дахь амралтын өдрийн дараах өдрийг хүртэл та нар тавин хоногийг тоолох бөгөөд тэгээд та нар ЭЗЭНд шинэ идээн өргөлийг авчир. 17Амьдрах газраасаа та нар даллах өргөлд зориулан ефагийн аравны хоёроор хийгдсэн хоёр талхыг авчрах болно. Тэдгээр нь ЭЗЭНд анхны үр жимс болгон хөрөнгөтэй жигнэгдсэн сайн гурилын байх ёстой. 18Талхтай хамт та нар согоггүй долоон эр хургыг, мөн бод малын сүргээс нэг бухыг болон хоёр хуцыг авчир. Тэдгээр нь идээн өргөл, ундаан өргөлийнхөө хамт ЭЗЭНд шатаалт тахил болно. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл болно. 19Та нар мөн нэг ухныг нүглийн төлөөх тахилд, хоёр эр хургыг эвийн тахилд өргөгтүн. 20Тахилч тэгээд тэдгээрийг анхны үр жимсний талхтай, хоёр хурганы хамт ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллана. Тэдгээр нь тахилчийн төлөө ЭЗЭНд ариун байх ёстой. 21Тэр өдрөө та нар ариун цугларалтыг зарлах ёстой. Та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.
22Түүнээс гадна, та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй, ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг цуглуулах ёсгүй. Тэдгээрийг та нар ядууст, гадаадынханд үлдээх ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэлээ.
23Дахин ЭЗЭН Мосед айлдан
24Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. “Долдугаар сард, уг сарын нэгэнд та нарт бүрээний үлээлтээр сануулагдах Амралтын өдөр, ариун цугларалт байх болно. 25Та нар аливаа хүчир ажлыг хийх ёсгүй. Харин ЭЗЭНд галаар өргөх өргөл авчрагтун” гэлээ.
26ЭЗЭН Мосед айлдан
27Энэ долоо дахь сарын яг аравны өдөрт эвлэрүүллийн өдөр байх юм. Энэ нь та нарт ариун цугларалт болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгон ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрагтун. 28Энэ өдөр та нар ямар ч ажлыг бүү хийгтүн. Учир нь энэ бол өмнөөс чинь, та нарын Бурхан ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийх эвлэрүүллийн өдөр билээ. 29Хэрэв энэ өдөр өөрийгөө даруу болгоогүй аливаа хүн байх аваас тэр нь өөрийн ард олноос таслагдах юм. 30Энэ өдөр аливаа ажлыг хийсэн хүний тухайд гэвэл, тэр хүнийг Би ард олных нь дундаас устгах болно. 31Та нар огт ажиллах ёсгүй. Энэ нь бүх амьдрах газарт чинь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой. 32Энэ нь та нарын хувьд, бүрэн амрах Амралтын өдөр болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгох ёстой. Сарын есний орой, үдшээс үдэш хүртэл та нар Амралтын өдрийг сахих юм гэв.
33Дахин ЭЗЭН Мосед айлдан
34Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. “Энэ долоо дахь сарын арван таванд Майхан Баяр нь долоон хоногийн турш ЭЗЭНд байх ёстой. 35Эхний өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар аливаа төрлийн хүчир ажлыг бүү хийгтүн. 36Долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчир. Найм дахь өдөрт ариун цугларалттай бөгөөд ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчир. Энэ нь чуулган болой. Та нар ямар ч хүчир ажлыг хийх ёсгүй.
37Эдгээр нь та нарын ариун цугларалтууд хэмээн зарлах, тус тусын өдрийнх нь шаарддаг шатаалт тахилууд, идээн өргөлүүд, тахилууд, ундаан өргөлүүд буюу ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийг авчрах ЭЗЭНий товлосон үеүд болой. 38Эдгээр нь ЭЗЭНий Амралтын өдрүүдээс гадна, та нарын бэлгүүдээс гадна, та нарын бүх тангаргийн болон сайн дурын ЭЗЭНд өгөх өргөлүүдээс гадна байх юм.
39Газрын ургацыг хураагаад долоо дахь сарын арван тавны өдөр, та нар ЭЗЭНий баярыг долоо хоногоор тэмдэглэ. Эхний өдөрт амралтын өдөр, найм дахь өдөрт Амралтын өдөр болно. 40Эхний өдөр та нар өөрсдөдөө гоё модны навч, далдуу модны мөчир, навчит модны гишүү, голын бургасыг авч, долоо хоногоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө баясагтун. 41Ингэж та нар үүнийг ЭЗЭНд баяр болгон жилд долоо хоногоор тэмдэглэгтүн. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой. Үүнийг та нар долоо дахь сард тэмдэглэх болно. 42Та нар майхнуудад долоон хоногоор амьдарна. Израиль дахь бүх уугуул төрөгсөд нь майхнуудад амьдарна. 43Ингэснээр Израилийн хөвгүүдийг Би Египетийн нутгаас гарган авчрахдаа тэднийг Би майхнуудад амьдруулсныг танай үр сад мэдэх юм. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв. 44Тиймээс Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий товлосон үеүдийг тунхаглав.

Одоогоор Сонгогдсон:

ЛЕВИТ 23: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү