ЛУК 12

12
1Тэр хооронд олон мянган хүн хуран цуглаж, нэг нэгнээ гишгэчин байв. Тэр эхлээд шавь нартаа хандан
—Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун. Энэ нь тэдний хуурамч байдал юм. 2Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ. 3Иймээс харанхуйд хэлсэн чинь гэрэл дотор сонсогдоно. Дотор өрөөнд чихэнд шивнэсэн чинь дээврүүд дээр зарлагдана. 4Би та нарт хэлье. Андууд минь, биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй. 5Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй Нэгэнээс айж эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс айгтун. 6Таван бор шувуу хоёрхон ассараар худалдагддаггүй гэж үү? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурханы өмнө мартагдахгүй. 7Үнэндээ толгой дээрх үс бүр чинь ч тоологдсон. Бүү ай. Та нар үй олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй. 8Би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч аливаа хүнийг Хүний Хүү Бурханы тэнгэр элч нарын өмнө хүлээн зөвшөөрөх болно. 9Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэгч хүн нь Бурханы тэнгэр элч нарын өмнө үгүйсгэгдэнэ. 10Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч аливаа хүн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн уучлагдахгүй. 11Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих, эсвэл юу хэлэх талаар бүү санаа зов. 12Учир нь юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв.
13Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд
—Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд 14харин Тэр
—Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, хөрөнгө хуваагчаар томилчихсон билээ? гэв. 15Тэгээд Тэр тэдэнд хандан
—Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв. 16Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа.
—Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. 17Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж бодол болж, 18“Миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. 19Тэгээд би сэтгэлдээ «Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд, 20харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ. 21Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурханы өмнө баян биш болой гэв.
22Тэр шавь нартаа
—Тиймээс Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж бүү санаа зов. 23Яагаад гэвэл амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм. 24Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэдгээр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ. 25Та нарын хэн чинь санаа зовсноороо амиа хором ч атугай уртасгаж чадах вэ? 26Хэрэв та нар маш өчүүхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол, бусад юманд санаа зовох хэрэг юу байна? 27Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд ажилладаггүй, утас ч ээрдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон өөрийн бүх сүр жавхлан дотроо ч эдгээр цэцэгсийн нэгтэй нь ч эн зэрэгцэхээр хувцаслаж байгаагүй юм. 28Хэрэв өнөөдөр нь амьд байгаад, маргааш нь зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан тийнхүү гоёдог бол, тэгэх тусмаа итгэл багатай хүмүүс ээ, Тэр та нарыг илүү хувцаслана шүү дээ. 29Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хайгтун. Санаа зовохоо боль. 30Учир нь энэ бүх зүйлсийг дэлхийн үндэстнүүд чармайн хайдаг юм. Харин та нарт эдгээр зүйлс хэрэгтэйг Эцэг тань мэддэг. 31Харин Түүний хаанчлалыг хайгтун. Эдгээр зүйлс та нарт нэмэгдэх болно. 32Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм. 33Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, тэнгэрт шавхагдашгүй баялгийг хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй. 34Юу гэвэл та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно.
35Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь асаатай байг. 36Та нар хуримын найраас эргэж ирэх эзнээ хүлээж буй хүмүүс шиг байгтун. Эзэн нь ирээд тогшмогц тэд даруй хаалгаа нээх юм. 37Эзэн нь ирэх үед сэргэг байх боолууд ерөөлтэй еэ. Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн нь бүсээ бүсэлж, боолуудаа тухлахыг урьж, тэдэнд үйлчилнэ. 38Хэрэв эзэн хоёр, эсвэл гурав дахь манааны үед ирж, тэднийг сэргэг байгааг олж харвал тэдгээр боолууд нь ерөөлтэй еэ. 39Үүнийг ойлгогтун. Юу гэвэл хэрэв гэрийн тэргүүн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдсэн бол гэрээ ухуулахгүй байхсан. 40Та нар ч мөн бэлэн байгтун. Та нарын бодоогүй цагт чинь Хүний Хүү хүрч ирнэ гэв.
41Петр
—Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу, эсвэл бүгдэд нь хэлж байна уу? гэхэд 42Эзэн хэлсэн нь
—Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ? 43Эзнийгээ ирэхэд, тийнхүү үйлдэж байгаа нь харагдах боол ерөөлтэй еэ. 44Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн түүнд өөрийн бүх хөрөнгөө хариуцуулах болно. 45Хэрэв тэр боол зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” хэмээгээд боолуудыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтууран байтал, 46түүний бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь түүний эзэн ирвэл, тэр боолыг хэсэгчин тастаад, итгэлгүйчүүдийн газарт шилжүүлнэ. 47Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ хүслийнх нь дагуу биелүүлээгүй, бэлэн байгаагүй тэр боол ташуурын амт хатуухан хүртэнэ. 48Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их нь даалгагдсан байна, түүнээс ихийг шаардана.
49Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийн ассан байхыг Би ямар их хүснэ вэ! 50Харин хүртэх ёстой нэгэн баптисм Надад байна. Үүнийг гүйцэлдтэл Би ямар их зовно вэ! 51Та нар Намайг дэлхийд энх тайвныг бэлэглэхээр ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарал гэдгийг Би та нарт хэлье. 52Учир нь одооноос нэг өрхийн таван гишүүн гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хуваагдана. 53Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж тэд хуваагдах болно гэв.
54Тэгээд Тэр хурсан олонд хандаж
—Баруун зүгээс үүл гарахыг хараад, та нар “Бороо орох нь” гэдэг. Энэ нь ч тийм л байдаг. 55Өмнө зүгээс салхи салхилахыг та нар хараад “Халуун өдөр болох нь” гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг. 56Хоёр нүүртэнгүүд ээ! Та нар тэнгэр, газрын байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ, өнөө цагийг яагаад үл шинжинэ вэ? 57Юу нь зөв болохыг та нар өөрсдийнхөө хувьд юунд үл шүүнэ вэ? 58Арцалдагчийнхаа хамт захирагч уруу явах зуураа чи түүнтэй тохиролцохыг хичээ. Эс тэгвээс тэр чамайг шүүгчид, шүүгч хуягт тушааж, хуяг чамайг шоронд хийх болно. 59Би та нарт хэлье. Чи эцсийнхээ зоосыг төлтлөө тэндээс гарахгүй гэлээ.

Одоогоор Сонгогдсон:

ЛУК 12: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү